social.mn | 2026-03-10
Р.Чингис: Цэрэг зодсон хэрэгт буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч, Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт, аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж эхэлсэн талаар удирдах албаныхан мэдээлэл хийв.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис:

-Бид, та нарыг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид энэ хүмүүсийг зогсоож, барих зүйл байдаггүй. Гол нь бидний асуудал бол аль болох олон аавын хүүхдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болгох, эх орны хүү болоосой гэж хүсдэг. Бидний хүүхэдтэй адилхан учир энэхүү зовлонг мэддэг. Тиймээс дүрмийн бус харилцааг батлан хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэрэгт огт зөвшөөрдөггүй. Үүнийг та нар ойлгох хэрэгтэй.

Энэ асуудал хаана болсон талаар манай захирагч хэлсэн. Энэ хүрээнд бид бүхэн хэн бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Бидний хараагүй, мэдээгүй, камер байдаггүй газарт болсон. Бидний авсан мэдээллээр, хувь хүний хоорондын харилцаанаас болсон асуудал гэсэн. 

Хэн яаж цохисон, ямар бэртэл авсныг хууль шүүхийн байгууллагаас тогтооно. Нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэвэл, цэргийн байгууллага зовдог, зодуулдаг газар биш. Бид бүхэн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол Улсын ирээдүй болсон залуусыг улсынхаа тусгаар тогтнол, мөн гэр бүлээ авч явах эр хүн болгож байгаа. Тэр утгаар нь дүрмийн бус харилцаа бүү гараасай гэдэг үүднээс дүрэм журмаар нь явж байгаа.

Мөн бидний хараа хяналтаас гардаг "хар бүс" гэж цэргийн ангид байдаг. Тэрхүү хар бүсэд үйлдэгдсэн хэрэг байлаа. Бичлэг хийсэн хүнд талархаж байна. Яагаад гэвэл бидэнд ийм мэдээлэл хэрэгтэй. Тиймээс хоёр талд гарч зогсохгүйгээр нэг талд гарч хамтарч ажиллаж, сайжруулах хэрэгтэй. Бид бүхэнд та нарын дуу хоолой, зөвлөмж маш их хэрэгтэй. 

Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг яаж авч явах вэ гэдэг нь зөвхөн салбарын толгойны өвчин биш. Нийгэм, төр засаг, иргэдийн бодлогын асуудал юм. 

Хэрэв бичлэг хийгээгүй бол бид мэдэхгүй өнгөрөх байсан. Уг хэрэгт буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцно. Энэхүү асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд анхаарч ажиллаж байгаа. Мөн Хүний эрхийн үндэсний комисстой нягт холбоотой ажиллана, тус комисс манай дээр ирээсэй" гэв.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ