Өнөөдөр: 7 сарын 14.     07:13:20
  Улаанбаатар   16ºC

Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

  Сар гарны хугацаанд үргэлжилсэн зам засварын ажил дуусч "Гурвалжингийн гүүрний" доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ.

Энэхүү  зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй  явган хүний замтай  бөгөөд тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусчээ. Уг авто замыг барьснаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг  холбогдох албаныханд үүрэг болгов.

Замын нээлтийн үеэр  иргэдийн төлөөлөл хотын Захирагчтай уулзлаа. Тэд, Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал жижиглэнгээр худалдаалдаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгааг хэлсэн юм. Хотын Захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах үүргийг өгсөн юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402