Өнөөдөр: 7 сарын 14.     06:18:19
  Улаанбаатар   16ºC

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ

 Монтенегро улсын Ерөнхий сайд Душко Маркович даваа гарагт манай улс коронавирусний халдвараас ангижирсан Европын анхны орон боллоо гэж  мэдэгджээ. Монтенегро  улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 69 хоногийн дараа  тус улс вирусыг хяналтандаа авч ийнхүү зарласан байна.

 

Тус улсад  халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 315 хүн эдгэрч, есөн хүн нас баржээ. Монтенегро нь 620 мянга гаруй хүн амтай, аялал жуулчлалын орлогоос ихээхэн хамааралтай ч өнгөрсөн гуравдугаар сарын эхэн үеэс хил, нисэх буудал, далайн боомтуудаа хааж, сургуулийн сургалтыг зогссож, олон нийтийн цуглааныг хоригложээ.

 

Эрх баригчид хязгаарлалтын эдгээр арга хэмжээг гуравдугаар сарын 30-наас аажмаар сулруулж эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногоос цэцэрлэг, кинотеатрыг нээж, Хорват, Албани, Словени, Герман, Грек зэрэг орноос жуулчдыг хүлээн авч эхлэхээр төлөвлөсөн байна. 

 

Түүгээр ч зогсохгүй  Монтенегрод халдварын тархалтыг хязгаарлахын тулд өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нэр, хаягийн жагсаалтыг олон нийтэд танилцуулж байсан нь хүний эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлд өртөж байв. Мөн хязгаарлалт, эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг зөрчсөн олон зуун иргэнийг торгож, хариуцлага тооцсон байна. 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402