Өнөөдөр: 7 сарын 14.     04:44:26
  Улаанбаатар   16ºC

Ногоон зээлийг үргэлжлүүлэн олгоно

 Айл өрх нүхэн жорлонгоо шинэчилэн сайжруулж, ААН, байгууллага халаалт, дулаанаа нүүрс түлэхээс өөр, байгаль орчинд ээлтэй шийдлээр солих хүсэлтэй бол 40 хүртэл сая төгрөгийн зээл олгож байгаа. 

Мөн ариун цэврийн байгууламж болон дулаанаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын компани, ААН-үүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болсон. Тэгвэл дээрх зээлийг үргэлжлүүлэн олгохоо БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдээд байна. Тэрээр Монголын банкны холбооны удирдлагатай уулзах үеэр ийнхүү мэдэгдлээ. 

Учир нь дээр дурдсан "Ногоон зээл"-ийн үйлчилгээг БОАЖЯ Монголын банкны холбоо хамтран нэвтрүүлж байгаа юм. Оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг олгоод байгаа юм.

Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, технологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс  Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийллээ.

Энэ талаар Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд хэлэхдээ, “Манай холбоо, холбооны гишүүн банкууд 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг БОАЖЯ бодлого, үйл ажиллагаагаар тасралтгүй дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариу хэлэхдээ, “Манай улс байгаль орчинд ээлтэй, эдийн засгаа хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон тооцоо гарсан. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах талаар яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудад хүсэж байна" гэв. 

 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402