Өнөөдөр: 5 сарын 31.     10:02:58
  Улаанбаатар   16ºC

Италийн захиалгаар 100 тонн "Монголын хаан ширхэгт" ноолуур экспортод гаргахаар бэлтгэж байна

Ханбогд Кашимер ХХК Итали улсаас ирүүлсэн захиалгаар 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурыг экспортод гаргахаар бэлтгэж байна. 

 

Монгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, олон улсын зах зээлд таниулах ажлыг амжилттай хийж байна. Хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн “Хаан ширхэгт” ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийн хүлээн зөвшөөрчээ.

 

Дэлхийн ноолуурын түүхий эдийн 40 хувийг хангадаг Монгол Улс жилдээ 9.8-10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Одоогоор манай улсад бэлтгэж буй ноолуурын 20-30 хувь нь “Хаан ширхэгт”-ийн стандартыг хангаж байна. 

 

“Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм. Уг тохирлын гэрчилгээг Ханбогд Кашимер ХХК өнгөрөгч 2019 онд авч анхны “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улсад экспортолж байжээ. 

/ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Монголын хаан ширхэгт" олон улсын форумын үеэр. Улаанбаатар хот, 24.10.2019/

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус компанийн экспортын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, “Хаан ширхэгт” брэндийг дэлхий дахинд таниулах чиглэлээр хийсэн ажлын үр дүн эхнээсээ гарч байгааг харахад таатай байна. ХХААХҮЯ-наас малчдад ноолуурын анхан шатны бэлтгэлээ чанартай хийх, үнэ цэнийг нь хадгалахыг байнга зөвлөж байсан. Цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон монгол малаас гардаг түүхий эдийн чанар дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Зөөлөн алт гэгддэг энэ онцгой түүхий эдийн дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэглэг, эдэлгээ даадаг зэрэг нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд ноёрхох давуу талыг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн жилийнхээс 5 дахин их захиалга ирсэн гэж бодож байна. Тэр дундаа Сүхбаатар аймгийн малчид “зөөлөн алт”-ынхаа чанар нэр хүндийг  өндөрт өргөж байгаад салбарын сайдын хувьд ихээхэн талархаж байна гэлээ. 

Ханбогд Кашимер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, "Бид Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймагт түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчийн газруудыг байгуулсан. Эдгээр аймгаас шаардлага хангасан, сайн чанарын ноолуурыг бэлтгэж байна. Жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулах, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлэгч компани. Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улс руу дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг. Энэ жилийн хувьд, томоохон захиалга ирээд байсан “Хаан ширхэгт”-ийн өндөр стандартыг Сүхбаатар аймгийн ноолуур хангасанд маш их баяртай байна. Цаашид бусад аймгуудад энэхүү стандартыг хангахад туслах чиглэлээр малчидтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна" гэв. 

 

Энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу “Хаан ширхэгт”-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур \15,8-16,1 микрон\ хангасан  байна. 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402