Өнөөдөр: 11 сарын 10.     02:49:12
  Улаанбаатар   -14ºC

П.Пунсалмаа: Өлзийт суманд инженерийн шугам сүлжээ, засмал зам дутагдаж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Өвөрхангай аймгийн Ардчилсан  намын Удирдах зөвлөлийн гишүүн, Өвөрхангай дахь “Монгол даатгал” ХХК-ийн захирал П.Пунсалмаатай ярилцлаа.

 -Хүүхэд нас гэдэг дурсамж дүүрэн, хамгийн гэгээн, хүмүүний амьдралын мартагдашгүй сайхан үе байдаг. Энэ үеийн дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зай эзэлдэг. Та бидэнтэй хүүхэд насны гэгээн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Тэндээ ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн. Айлын гурав дахь охин. Хөдөө бусдын л адилаар өсөж торнисон. Манай аав насаараа кино механикч хийсэн, холбооны эрхлэгчээр нэлээн олон жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Би аавдаа кино гаргахад нь туслаад, аавтайгаа л цагийг их өнгөрүүлдэг байсан байна. Хөдөө жилийн дөрвөн улирал малаа маллана. Ер нь хүүхэд насаа завгүй, байнга ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн.

-Таны хүүхэд насны мөрөөдөл биелсэн үү? Багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Би ер нь л багынхаа мөрөөдлөөр явж байгаа. Арван жил, сургууль, цэцэрлэгт байхдаа ч манлайлж, бүх асуудалд оролцохыг хичээдэг байсан. Тэр ч үүднээсээ хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр сургууль төгсөнө дөө гэж бодож байсан. Эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Ажиллаж байгаа салбар бүртээ манлайлж, бусдыгаа түүчээлж ажиллаж байна. Ажил мэргэжлийнхээ хажуугаар олон нийтийн байгууллагад ажилладаг.

-Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ гэдэг. Аав тань хүүхдүүддээ ер нь юу гэж зааж сургаж, зөвлөдөг вэ?

-Мал ч бай, хүн ч бай, байгаль дэлхий, бүхий л амьд организмыг хайрлах зарчимтай аав, ээжийнхээ хүмүүжлээр бид өдий зэрэгтэй явна. Ер нь төвийн амьдралыг мал аж ахуйн амьдралтай хослуулж амьдарч ирсэн дээ. Аав, ээж минь насаараа нийгэм, нэгдэл гэж байхаас эхлээд ажиллаж байсан. Биднийг бусдын итгэлийг алдаж болохгүй, үнэнч байх ёстой гэдэг зарчмаар хүмүүжүүлсэн. Шударгаар хөдөлмөрлөж, шударгаар дөрвөн хүүхдээ өсгөж, өдий зэрэгт хүргэсэн дээ.

-Монголчууд бид хөдөө ахуйгаасаа алсраад л байна. Ялангуяа хот суурин газрын хүүхдүүд таван хошуу малаа ялгаж нэрлэж чадахгүй байна. Энэ мэт байдлыг ямар бодлогоор зохицуулж, засаж залруулж болно гэж та боддог вэ?

-Монголын нийгэм, эдийн засаг хөдөө аж ахуйгаас салшгүй хамааралтай. Бидэнд одоо хөдөө аж ахуйн менежмент гэдэг зүйл их дутагдаж байна. Манай малчид малаа маш сайн өсгөж байна. Амьдрал ахуйгаа сайн авч явж байна. Тэр нь зөв. Гэхдээ малаа зөв зохистой тоонд барих, малынхаа түүхий эд, ашиг шимийг зүй зохистой ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэдлэг мэдээж хомс байна. Миний зорьж, бодож явдаг нэг зүйл бол яалт ч үгүй энэ асуудалтай холбоотой.

Малчдыг уламжлалт мал аж ахуйгаас гадна малынхаа ашиг шим, сүү цагаан идээ, малаас гарч байгаа бусад түүхий эдээ зүй зохистой хэрэглэх, ялангуяа малыг зохистой тоо хэмжээнд нь барих, бэлчээрээ маш сайн хамгаалах, зун намартаа малынхаа тэжээл бордоог гарын дор аргаар, өөрсдийнхөө боломжит хэмжээнд заавал бэлддэг байх гэсэн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлье гэсэн бодолтой л явна.

-Та Ардчилсан намд хэзээ элссэн бэ? Одоо намдаа ямар албан тушаал хашдаг вэ?

-Би 1999 онд Ардчилсан намд элссэн. Түүнээс хойш Ардчилсан намын бүхий л сонгуульт албан тушаалыг эрхлээд явж байна. Сумын намын зөвлөл, Аймгийн намын хороо, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн.

-Өлзийт сум маш онцлогтой, босоо тэнхлэгийн гол шугам дайрч өнгөрөх юм билээ. Сумын хөгжлийн ирээдүй хэр гэрэлтэй байна гэж та хэлэх вэ?

-Сум орон нутаг удирдаж байгаа, тэнд амьдарч байгаа бүх хүн ирээдүйтэйгээр харж байгаа байх аа. Гэхдээ сумын хөгжил арав, бүр түүнээс ч дээш жилээр зогсчихсон байна. Энэ бол зам харилцаа, дэд бүтэцтэй шууд холбоотой байна. Дараагийн асуудал нь хүн амын эрүүл мэнд, боловсролтой холбоотой асуудал байна.

Боловсрол гээд ярихаар боловсон хүчинтэй холбоотой. Хамгийн эхлээд дэд бүтцийг дагаж хүн амын хөгжил мэдээж хэрэг яригдана. Манай суманд инженерийн шугам сүлжээ, засмал зам дутагдаж байна. Засмал замаас хоёрын хооронд 20 гаруй км зайтай байгаад байдаг.

-Арвайхээр сумын хувьд засмал зам хангалттай тавигдсан байна. Танай суманд засмал зам тавигдахгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?

-Маш олон улс төрч, шийдвэр гаргах түвшний хүмүүс, аймаг, сумын удирдлагууд Өлзийт сумыг миний мэдэхийн сүүлийн арваад жил инженерийн шугам сүлжээтэй, засмал замтай болгоно гэж ярьсаар ирсэн. Гэтэл эдгээр яриад байгаа зүйл дээр нь ядаж ажлын даалгавар ч байдаггүй, ганц ч удаа зураг төсөл хийгдэж байгаагүй юм билээ.

-Танд энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө бий юү? 

-Энэ 2024 ондоо багтаагаад, ядаж холбогдох албан тушаалтнуудтай нь хамтраад, ажлын даалгаврыг нь хийлгэхийг зориод явж байна. Сая манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд захидал хүргүүлсэн. 2025 оны төсөв одоогоор батлагдаагүй байна. Төсөвт багтаад батлагдчих байх гэж бодож байна.

2024 оны төсөвт инженерийн шугам сүлжээ, засмал замтай холбоотой ажлын төсөв мөнгө урьдчилсан байдлаар тавигдсан. Хамгийн нэгдүгээрт зураг төсөвтэй холбоотой асуудлууд байна. Инженерийн шугам сүлжээний төсөв нь тавигдаад, 2025 оны төсвийн төсөлд орчихсон.

Манай хангайн бүсээс сонгогдсон гишүүд үүнийг батлуулчих болов уу гэж найдаж байна. Мөн Сангийн яаманд хувийн шугамаар хүсэлт илгээсэн. Тийм болохоор нэлээн ахицтай байх болов уу гэж бодож байна.

-Зам дагаж хөгжил гэдэг. Олон жил яригдсан асуудлууд шийдэгдэж, сумын иргэдийн амьдрал ахуй сайжрах боломж бүрдэх нь ээ, тийм үү? 

-Мэдээж хэрэг эдгээр асуудлууд шийдэгдчихвэл хүн амын шилжилт хөдөлгөөн багасна. Чадвартай, чанартай боловсон хүчнүүд сумандаа амьдрах боломж бүрдэнэ гэж бодож байна. Дараагийн нэг том асуудал бол төрийн албан хаагчийн орон сууцны асуудал байна. Манай сумын удирдлагууд энэ ажлын эхлэлийг гайгүй тавьчихсан. Үүнийг үргэлжлүүлээд дэмжээд явчих юмсан гэсэн бодол байна.

Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь нэвтрүүлэх бодлого манайд гэлтгүй бусад бүх суманд дутагдаж байна. Хүүхдийн шүдний эрүүл мэндийг хамгаалах сар, ахмадын эрүүл мэндийг дэмжих сар гэх мэтчилэн төрөлжсөн, үе шаттай алхмууд хийхээр зорьж байна.

-Сумандаа сайхан амьдаръя, хөдөө шилжин амьдарцгаая гээд уриалсаар байна. Гэвч бодит байдал дээр суманд ирээд амьдрах нөхцөл бүрдээгүй нь ажиглагдаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм, ерөөсөө бүрдээгүй. Бид энэ асуудал дээр улс төржилгүй бодит алхмууд л хийх хэрэгтэй. Манай нутгийн хувьд их онцлогтой. Хэрэв Сангийн далай дээр байсан бол, Бор хошууны төв дээр байсан бол тэгчих байсан гэж хүмүүс их ярьдаг байхгүй юу. Гэтэл үгүй, 20-иодхон км-ын л ялгаатай газар зүйн байршилтай.

Нэг сайхан юм нь Өмнөговиос эхэлсэн зам Арвайхээрээр явж байна. Яалт ч үгүй манай сумыг дайран өнгөрнө. Тэгэхээр манайхаас баруун чиглэлд үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, бусад жижиг үйлчилгээний цэгүүд хөгжих боломж бүрдэнэ. Эндээс хүн ам тогтвор суурьшилтай болж, хүмүүсийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэнэ л дээ.

-Хөдөө амьдрах ч уг нь сайхан байх л даа?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд бид эрүүл орчинд, эрүүл хоол хүнстэй байна. Эрүүл агаарт байна гэдэг нь цаашдаа олон жил эрүүл амьдарна гэсэн үг шүү дээ. Энэ мэт чилэн маш олон давуу талтай. Тийм учраас бид хөдөө амьдрах бүхий л боломжийг үе шаттайгаар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мэдээж ганц, хоёрхон жилийн дотор бүрдэнэ гэж байхгүй.

Хөдөө амьдрахад хамгийн гол нь сургуулийн өмнөх боловсрол олголт, ерөнхий боловсролын чанар сайн байх ёстой. Чанартай сайн багш нартай байх ёстой. Чанартай сайн багшийг үлдээхийн тулд суманд амьдрах нөхцөлийг л сайн бүрдүүлэх ёстой гэж бодож байна.

-Хөдөөд маш олон жижиг жижиг сум тарж байрладаг. Тэдгээрийг нэгтгэвэл үр дүн гарах болов уу?

-Энэ бол нэлээн өндөр түвшинд яригдах ёстой асуудал байх. Мэдээж хэрэг сумууд нэгдвэл улсын төсөв, улс орны эдийн засагт маш хэрэгтэй. Гэхдээ яг өнөөдөр нэгтгэх нөхцөл нь мөн үү, биш үү гэдгийг анхаарч, бодох хэрэгтэй. Ойрын тав, арван жилд шууд сумдыг нэгтгэнэ гэвэл асуудалтай. Маш олон хүчин зүйлийг урьдчилан харж байж шийдвэр гаргах ёстой болов уу.

-Орон нутагт эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоо хэр хангалттай байна вэ?

-Маш бага байна. Би УИХ-ын гишүүний туслахаар арваад жил ажилласан. Тэр үед харьцангуй гайгүй, Өвөрхангайн хэмжээнд хурлын дарга, засаг дарга нар нэлээн олон байсан. Одоо ерөөсөө гарын таван хуруунд ч багтахгүй хүмүүс сумдад шийдвэр гаргах түвшин ажиллаж байна.

Эрчүүд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдтэй байр суурь булаацалдсан, уян хатан биш нөхцөлөөр өрсөлддөг. Бодлогын түвшинд нэлээн ярьдаг. Дахиад шийдвэр гаргах түшинд очоод уначихдаг. Сая УИХ-ын нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэж байсан ч орон нутгийн сонгуулийн хувьд 20-иос доошгүй гээд бууруулаад ороод ирсэн.

-Өвөрхангайд аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд цөөнгүй эмэгтэй нэр дэвшиж, өрсөлдөгч олон байгаа бололтой? 

-Тийм ээ, эмэгтэйчүүд нэлээн бэлтгэгдсэн. Олон улсын байгууллагуудын чиглэлээр МАН, АН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг маш олон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудаар дамжаад лобби бүлгүүд нэлээн сайн ажиллалаа. Нэлээн олон шаардлага, шаардах бичиг хүргүүлсэн боловч яг батлагдах шатандаа уначихаад байна.

-Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар чадвараараа давуу бөгөөд ялгардаг гэж боддог вэ?

-Эмэгтэйчүүдийн давуу тал мэдээж олон бий. Ямарваа нэг хуйвалдаанд оролцдоггүй. Ашиг сонирхлын зөрчил багатай. Аливаад их няхуур ханддаг. Хиймээр санагдсан зүйлээ ямар нэгэн байдлаар эхлүүлдэг, хийдэг. Зорилгоосоо няцдаггүй.

Эмэгтэй хүний хамгийн гол чанар бол аливаа хуйвалдаанд оролцдоггүйгээрээ маш их давуу талтай. Тийм учраас ард иргэд, сонгогчдодоо эмэгтэйчүүддээ боломж сайн ойлгож байгаач ээ гэж уриалмаар байгаа юм. Та нар эмэгтэйчүүдийг туршаад үзээрэй. Тэс өөр үр дүн гарна шүү гэж хэлэх байна.

Хүмүүс хардаг л байх. Эмэгтэйчүүд удирдаж байгаа албан байгууллага нэг л өөр байдаг шүү дээ. Мэдээж сайн эрчүүд бий. Эмэгтэйчүүд шиг холыг, нарийн ширийнийг олоод харчихдаг эрчүүд байна. Бүгдийг үгүйсгэж болохгүй.

-Та ажил амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Зорьсноо хийчих юмсан гэж хичээдэг. Зарчим бол зарчим л гэж үздэг.

-Таныг эдийн засагч гэхээр их олзуурхаж байна. Сум орон нутгийн төсөв, санхүүжилт хэр хаангалттай байдаг бол?

-Хангалтгүй. Орон нутагт асуудлуудыг эрэмбэлэдэггүй. Зүгээр л улс төрийн шийдвэр, улс төрчийн нүдээр хардаг. Ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг тооцоолдоггүй. Бүх хөрөнгө оруулалт, тухайлбал сууриа бүрдүүлээгүй байж л барилга байшин барьдаг. Барьсныхаа дараа хүүхдүүд ирэх болов уу яах бол гэж хардаг.

Орон нутагт төсөв маш үр өгөөжгүй зарцуулагддаг. Дандаа сонгуулийн худал амлалтуудыг биелүүлэх гэсэн төсөв явдаг. Тийм учраас энэ дээр мэргэжлийн хүний нүдээр засаж залруулмаар харагддаг. Гардаад хийвэл арай өөр хийнэ дээ гэсэн бодол төрдөг.

-Өлзийт суманд эдийн засгийн үр өгөөж өгөх брэнд бүтээгдэхүүн бий юү?

-Манай сумын брэнд гэвэл мал аж ахуй, тэр дундаа айраг байна. Айргаа одоохондоо хараахан гадна, дотогш их хэмжээгээр худалдаалахгүй байна. Олон нийтэд түгээх сав боодлоос эхлээд санаачлаад хийх ажлууд байна. Би 2014, 2015 онд Өвөрхангай аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох гэж нэлээн ажилласан.

“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг анх санаачилж хийж байсан. Манай аймаг их онцлогтой л доо. Алслагдмал, баруун чиглэлийн Хөвсгөл гэх мэт аймгуудаас маш их ялгаатай. 

-“Уянгын эрээн мод”-ыг Өвөрхангайн брэнд бүтээгдэхүүн гэж боддог. Сүүлийн үед хийж байна уу?

-Мөн боловч манайх тэрийгээ хөгжүүлдэггүй.

-Өлзийт сумын хувьд?

-Манай Өлзийт сумынхан уул нь өв соёлтой байсан юм. Хуруудах, аравдах гээд ярьдаг даа. Тэрийгээ бид бүртгүүлэх гээд нэлээн хөөцөлдсөн ч 2016-2017 онд засаг солигдоод, манайхаас түрүүлээд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум бүртгүүлчихсэн.

Бид одоо айргаа брэнд болгоод хөгжүүлээд явбал Булганы Сайханы айргийн хэмжээнд хүрэх боломж бий. Манай малчдын сайхан айргууд улс, бүсийн маш олон тэмцээнд түрүүлж, бүр “Гран при” шагнал авч байсан тохиолдол бий.

Тэгэхээр бид айргаа Булганы Сайханы айргийн хэмжээнд хүргэж, олон нийтэд сурталчлах хэрэгтэй. Тэгэхийн тулд айраг маань хүртээмжтэй байх ёстой. Тэр тал дээр бид уриалж, санаачлах ёстой юм билээ.

-Монгол Улсын ирэх оны төсөв 3 их наядаар тэлсэн. Эдийн засагчийн хувьд жил жилийн төсвийн тэлэлт ямар сөрөг үр дагавар дагуулна гэж та бодож байна вэ?

-Монгол Улс маш их өртэй, түүнээсээ жаахан ч гэсэн нимгэлэх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа эргээд дарамт ирнэ л дээ. Тэрийг тооцоолох ёстой байсан гэж бодож байна. Манай Монголын, аймгийн түвшинд ч гэсэн төсөв дандаа улс төрийн шийдвэр байдаг. Хэзээ нэгэн цагт үр дагавар нь гарах байх. Одоо нэгэнт батлагдсан төсөв, хамгийн гол нь бид үр бүтээлтэй зарцуулах ёстой гэж бодож байна.

-Хөдөөд намчирхал их байна. Нэг л улсын иргэд, намчирхалгүй хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж болдоггүй юм болов уу гэж олон хүн хэлдэг л дээ. Та санал нийлэх үү?

-Намчирхал гэдэг юм гучин жилийн хугацаанд бий боллоо. Энэнээс салахын тулд бас л гучаад жил шаардагдах байх. 2024 онд манай Өвөрхангайнхан, хангайн бүсийнхэн ухаантай сонголт хийлээ гэж би бодож байна. Аль аль талаасаа намчирхаад байлгүй, бүх намын мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлээд, хамтдаа хөгжүүлээд явах үүднээс хамтарсан засаг байгуулсан байх. Яг тэр тусгалыг бид хэвшүүлээд, тэгж амьдраасай, тэгж хараасай гэж хүсэж байна.

Гэхдээ манай жижиг сумдын тухайд маш хэцүү. Маш их намчирхана. Ялангуяа энэ 2024 оны сонгуулиар намчирхал гэдэг юмаа хойш нь тавиад, энэ сумыг яг хэн хөгжүүлэх гээд байна вэ гэдэг талаас нь харж, сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Намчирхлыг шууд арилгана гэдэг хэцүү л дээ. Цаг хугацаа шаардана.

-Ярилцлагаа жаргаах мөчийг таны мэдэлд үлдээе...

-Манай нутаг өөдөө заяатай сайхан нутаг. Зөвхөн сум гэлтгүй алсыг, ирээдүйгээ хараад, зөв сонголт хийгээсэй. Сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчдөдөө зөв шаардлага тавьж, шахаж шаарддаг байгаасай гэж хүсэж байна.

Манайхан энэ юу хийх бол, юм хийж чадах болов уу гэхээсээ илүүтэйгээр ер нь нутгийн ах дүүсээ хараад сонголт хийдэг байхгүй юу. Тийм сонголт битгий хийгээсэй. Зүгээр л энэ хүн үнэхээр юм хийж чадах уу гэдэг талаас нь харж сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Нутгийн зон олны минь сонголт мэргэн байг ээ.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030