Өнөөдөр: 11 сарын 10.     04:33:11
  Улаанбаатар   -14ºC

Г.Дашжанцан: БОЭТ 2024 онд орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологи нутагшуулан, 1000 гаруй иргэний халааснаас гарах зардлыг хэмнэлээ

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцантай ярилцлаа.

 -Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдож ирсэн үеэс тань ярилцлагаа эхэлье. Анх ажлаа авахад нөхцөл байдал ямар байв? Ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Би урд нь суманд ажиллаж байгаад, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирлаар найман жил ажилласан. 2021 онд БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулах шийдвэр гарсан. Жил гаруй хугацаанд ТУЗ-ийг байгуулж, 2022 оны арваннэгдүгээр сард албан ёсоор төвийн захирлын албыг авсан. Орлогч захирал хийж байсан учраас ажил авахад, энэ хүмүүстэйгээ хамтарч ажиллахад илүү дөхөм байсан. Манайхан өөрчлөлт рүү их хурдтай орсон гэж би боддог.

-Аливаа ажлыг хийхэд гар, сэтгэл нийлсэн хамт олон хамгийн чухал. Баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан уу? Эсвэл хуучин бүрэлдэхүүнтэйгээ ажилдаа ханцуй шамлан оров уу?

-Болохгүй байгаа асуудлуудаа шийдье, хийе гэсэн зорилгоор багаа шинэчилсэн. Хүний нөөцийн судалгаануудыг нэлээн сайн гаргасан. ТУЗ-д орохдоо БОЭТ-ийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө сарын хугацаанд сайн бэлдсэн. Өрсөлдөгч маань нэлээн “чанга” хүн байсан. Чанарын албаны дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч хийж байсан Болороо эмчтэй өрсөлдсөн. Дүгнэлт гаргаж, стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ажилласан. Гэнэт томилогдоогүй, бэлэн төлөвлөгөөтэй байсан учраас ажиллахад дөхөм байсан. Удирдлагын багийг ганцхан өдөр дуудаад, бүгдтэй нь уулзаж, асуудлуудаа шийдвэрлэсэн. Манай баг хурдтай ажиллаж эхэлсэн. Ид жагсаж яваа залуучууд орж ирж, үйл ажиллагаа нэлээн сайн жигдэрч эхэлсэн.

-Төвийн санхүү, эдийн засаг ямархуу байдалтай байв? Өр, авлагын харьцаа хол зөрүүтэй байв уу?

-Ажлаа авахад БОЭТ ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилттэй дөнгөж эхэлж байсан. Тэрбум 800 орчим сая төгрөгийн өртэй, нэлээн хүнд үед бид орж ирсэн. Сторийн, цахим түүхийн хасагдал гээд. Гүйцэтгэлээ хянаж чадахгүй, эхэлж байсан хүнд үе. Чанарын алба, гүйцэтгэлийн албаа тус тусад нь байгуулсан. Гүйцэтгэлийн алба байгуулснаараа ямар ч байсан 2022-2023 онд сайн хяналттай болж эхэлсэн. Жишээлбэл, бидний ярьдгаар, стори түүхийн, цахим, эмчийн хасагдал нэг тэрбум 500 орчим сая байсан. 2023 ондоо бид 500 сая дотор оруулж, эмч нарынхаа хийсэн ажлуудыг үр дүнтэй болгож чадсан. Намайг ажлаа авснаас хойш зургаан сарын дараа Эрүүл мэндийн сайд маань орон нутгаас сонгогдсон. Чинзориг гишүүн маань сайд болсон. Энэ хүний дэмээр ажил маань нэлээн урагштай явсан гэж боддог. Түүнээс хойш хоёр жил орчим болох гэж байна. Энэ хугацаанд бид тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлт хийж чадсан. Хэдийгээр өндөр өртэй байсан ч жижиг жижиг засвар, үйлчилгээгээ өөрсдийн ажилчдын хүчээр хийсэн.

-Танай хамт олон засвар үйлчилгээгээ хамгийн түрүүнд ямар тасгаас эхлүүлсэн бэ?

-Хамгийн эхэнд барьж авсан ажил бол яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг хоёрыг яалт ч үгүй засуулах шаардлага байсан. Мөн сэтгэцийн тасаг, мэдрэлийн тасаг, өдрийн эмчилгээ гэсэн таван хэсэгт 2022 ондоо засвар хийсэн. Гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа учраас иргэнийг татах, төвөөр үйлчлүүлж буй иргэдийн тоог нэмэх гэх мэт зүйлүүд маш их шаардлагатай байсан, энэ хэмжээндээ ч бид нэмж чадсан. Мэдрэлийн тасаг 17 ортой маш сайн ажиллаж эхэлсэн. Сэтгэцийн тасаг 16 ортой. Тухайн үед үнэхээр хэрэгцээтэй байсан. Манай эмнэлэг дээр архины шалтгаантай, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг эмчлэх боломж маш муу байсан. Даруй сайжирсан. Ямар ч байсан архины шалтгаантай, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг эмчлэх бүрэн боломжтой, 16 ортой тасагтай болсон байна. Одоо манай хамгийн сайн ажиллаж байгаа тасгийн нэг болсон.

-Иргэд дотрын тасгаар их үйлчлүүлдэг болов уу. Энэ тасгаа та бүхэн хэрхэн тохижуулж, ая тухтай орчин бүрдүүлсэн бэ?

-1997 онд барьж байгуулсан дотрын тасгийг 2023 онд аймгийн Засаг даргын хөрөнгөөр, “Баянтээг” уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд 127 сая төгрөгөөр зассан. Одоо 40 ортой, иргэдийн сэтгэлд нийцсэн, сайхан хэсэг болж чадсан.  

-Та түрүүн “Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн” гэж дурдсан. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-2022 онд манай байгууллага 10 гаруй жил болсон 16 зүслэгт  компьютертэй, ихэнх нь ажиллахгүй хэцүү байсан. Чинзориг гишүүн маань сайд болчихсон байсан учраас компьютерийн асуудал маш хурдтай шийдэгдсэн. Бид 84 зүслэгтэй, компьютер томографын аппараттай болсон. Маш сайн ажиллаж, үр дүнгээ маш сайн өгч байна. Бид өнөөдөр өвчтөнөө хол явуулахгүй хэмжээнд оношилгоо, эмчилгээ хийх бүрэн боломжтой болсон. “Цогт наран” эмнэлэгтэй гэрээ байгуулаад ажиллаж байна. Улаанбаатар хотын “Бриллиант”, “Трампмэд”, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын чадавхийг ашиглаж, залуу эмч нараа сургах, хамтарч ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна. Тийм учраас манай эмч нар оношилгоогоо “Бриллиант”, Хавдрын эмнэлгийнхний адил уншиж, сайн оношилдог болж байна. 

-Хүзүү, толгойн дижитал рентген, эхо, ангиографын аппаратууд суурилуулжээ. Ямар үр дүн гарч байна вэ?

-Тийм ээ. Мөн л сайдын, яамны хөрөнгөөр шийдсэн. Орчин үеийн эрүү нүүр, шүдний дэлгэмэл рентген аппарат тавигдсан, есдүгээр сарын 1-нээс эхлэн ашиглаж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн 9D эхо аппараттай болсон. Улаанбаатар хотод ч цөөхөн байдаг, шинэ аппаратыг өнгөрсөн долдугаар сараас хойш манай эмнэлэг ашиглаад явж байна. Манай Оюунбилэг эмч “Нүдтэй болсон юм шиг л байна” хэмээн хэлж байсан. Ийм өндөр хүчин чадалтай аппарат ажиллаж байна. Мэдрэлийн тасагт шинээр нойрны үеийн тархины цахилгаан бичлэг, сэрэнгэ үеийн тархины цахилгаан бичлэг, тархи судасны допплер зэрэг шинжилгээ хийж байна. Мөн тархины цахилгаан бичлэгийг хүүхдэд анх удаа хийдэг болж байна.

-Ангиографын аппарат суурилуулснаас хойш хэчнээн хүн орсон бэ?

-Дараагийн томоохон хийсэн ажлын нэг бол ангиограф. Ангиографтай болсноор бидэнд маш олон давуу тал бий болсон. Ангиографын хувьд таван бүсэд байдаг. Манай дээр суурилуулагдсанаас хойш 500 гаруй хүн орчихсон байна. Ашиглаж эхэлсэн цагаас хойш үйл ажиллагааг сайжруулахын тулд Нэгдүгээр эмнэлгийн зөвлөх эмч, Зүрх судасны эмч, ангионы эмчтэй хамтраад, өөрсдийнхөө эмчийг сургах зэргээр хамтарч ажиллаж байна. Жишээ дурьдахад, 2023 онд зүүн титмийн баганын артерын салааны хүнд нарийсалтай 6 өвчтөнд “kissing” аргаар бөглөрлийг гаргаж, эмчилгээ хийсэн. Энэ арга нь улсын хэмжээнд нарийн төвөгтэй эмчилгээний аргад тооцогддог, орох тоо цөөн байдаг.

-Улсын эмнэлгийн эмч нар Өвөрхангайд ирж ажиллаж байгаа юу? Танай төвийн эмч нар хэр туршлагажиж байна вэ?

-Манай хоёр зөвлөх эмч зайнаас, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Өмнө нь орон нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй гавьяат эмч нар маань ирээд, шавь нараа сургах чиглэлээр ажиллаж байсан бол сүүлийн үед жишээлбэл, Өлзийбаатар эмч үений тал дээр бидэнтэй маш их сайн хамтарч ажилласан. Ангио дээр Гуравдугаар эмнэлгийн Болдбат эмч маань мэдрэлийн ангиог нутагшуулах тал дээр ихээхэн ач холбогдол өгч, сайн дураараа ажиллаж өгсөн. Үүний үр дүнд манай Амбасэлмээ эмч тархины ямар ч ангиог орон нутагтаа бие даан хийж, өндөр сайшаалтай, хүмүүсийн талархлыг хүлээж байна. Баянхонгор, Говь-Алтай гэх мэт аймгийн иргэдийг ч эмчилж байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч  Мөнхнасан эмч Зүрх, судасны ангиографын эмчээр сураад ирсэн. Энх-Амгалан эмчийг Гуравдугаар эмнэлэг дээр хоёр эмчийг нь дагалдуулаад, шавилан суралцуулж, долоо хоногтоо нэг удаа эргэх байдлаар зохицуулж байсан. Одоо манай эмч нар өөрсдөө бие даан эмчилгээ, оношилгоог аймагтаа хийж байна.

-Энэ чиглэлээр цаашдаа ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монгол Улсын засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлого, Өвөрхангай аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн оношилгоо эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлууд манайд амжилттай хэрэгжин, үр дүн, үр нөлөөгөө өгч байна. Цаашид энэ байдлаа алдахгүй, эрүүл мэндийн яамнаас баримтлах бодлогын хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлнэ. Мөн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтраад, хэвлийн хөндийн хавдрын мэс заслууд, элэгний судас бөглөх эмчилгээ зэргийг хийхээр төлөвлөж байна.

-БОЭТ-ийн хувьд өнөөдөр ямар мэс засал нутагшсан гэж хэлэх вэ?

-Монгол Улсын Засгийн  газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өвдөг түнхний хиймэл үе солих мэс засал, гэмтлийн мэс заслууд, ангиографын оношилгоонууд хийж байна. 2020 онд Гэмтэл судлалын үндэсний төвийн эмч нар манай дээр ирж, зургаан сар ажилласан. Мөнхсайхан сайд Гэмтлийн эмнэлгийн дарга байхдаа зургаан сарын хугацаатай манай руу баг явуулж, анхны хамтарсан гэрээ байгуулаад ажиллаж байсан. Энэний ач холбогдол маш өндөр байдаг. Манай гэмтлийн тасаг эндээ ямар ч хагалгааг хийдэг чадамжтай болсон. Тэр дундаа өвдөг, түнхний үе солих хагалгаа манайд нутагшсан гэж хэлж болно. Чинзориг сайд байхдаа хоёр удаагийн тендер зарлалтаар өвдөг, түнхний хиймэл үе солих, бичил мэс заслын багажууд авч өгсөн. Одоо манай гэмтэл дээр дутагдах зүйл байхгүй.

-Нийт хэчнээн хүнд үений хагалгаа хийгээд байна вэ?

-Үений хагалгаа нутагшаад, 200 гаруй хүнд хийгээд байна. Дээр нь хүзүү, толгойн хавдрын эмч нарыг бэлтгэсэн. Бид Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Пүрэвдорж эмчтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулаад, хүнд хагалгаануудаа хамтарч хийдэг. Одоогийн байдлаар 100 гаруй  хагалгаанд орсон байна. Тэгэхээр ХСҮТ дээр хийгддэг, хүзүү толгойн хавдрын хагалгаанууд манай дээр хийгдэж байна гэх мэтчилэн зүйлүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд давуу болгож чадсан. Бид амбулаторийн тусламж үйлчилгээг 2022, 2023 оныхоос 50 хувиар өсгөж чадсан.

-Хавдрын хөнгөвчлөх тасаг байгуулсан юм байна. Хавдрын өвчлөлийн чиглэлээр өөр ямар эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна вэ?

-Манай төв хөнгөвчлөх тасаг тусдаа байгуулаад, хавдрын хими, бай эмчилгээг сум орон нутагтаа хийж байна. 2023, 2024 оноос 10 төрлийн бай эмийг эмчилгээндээ шинээр хэрэглэж байна. Үүнд, ходоод гэдэсний, хөхний, нойр булчирхай, цөсний замын, бөөр, давсаг, шээсний замын, умайн хүзүү, өндгөвчний, яс зөөлөн эдийн, уушгины хавдрын үеийн адъювант, нон-адъювант хими эмчилгээг орон нутагт хийж байгаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн, тэдний зардлыг хэмнэсэн үр дүнтэй эмчилгээ болсон. 2024 оны эхний 6 сарын байдлаар хавдрын хими эмчилгээнд 213 хүнийг хамруулаад байна. Үүний 43 нь бай эмчилгээ хийгдсэн байна. Өмнөх 2023 оноос хавдрын хими эмчилгээ 18 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

-Лабораторийн хувьд ямар ямар төрлийн тоног төхөөрөмжөөр шинэчлэлт хийв?

-ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар, шээсний иж бүрэн аппарат анализатор, бактериалогийн иж бүрэн анализатор, өөрсдийн хөрөнгө оруулалтаар биохими гэх мэт лабораторийн багаж тоног төхөөрөмжийг энэ жилийн хувьд бүрэн шинэчилсэн. Одоо бидэнд вируслогийн лаборатори орчин үеийн болох шаардлага зайлшгүй гарч ирж байна. Гэхдээ бид вируслогийн шинжилгээг нэвтрүүлээд, жил болж байна. Аппаратаа сайжруулах цаашдын хэрэгцээ шаардлага байна. Манай төв оношилгоо, шинжилгээ, эмчийн чадамж дээр нэлээн анхаарч ажилласан.

-БОЭТ-д шүдний эмч их байдаг гэж сонссон. Тусгай тасаг, төв байгуулах алсын зорилго бий юү?

-Гадуур хүмүүс “Шүдний эмч олон болсон” гэж ярьдаг юм билээ. Амны хөндийн эрүүл ахуй, шүдийг эмчлэн, эрүүлжүүлэх хамгийн чухал. Манай төв 10 шүдний эмчтэй болсон. Ингэснээр шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, хүүхдийн үзлэгүүд, шүдний эмчилгээнүүд оочер дугааргүй хийгдэж байна. Үүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд ч их байдаг. Гэхдээ энэ бол манай бааз суурин дээр тулгуурласан учраас өснө. Цаашдаа БОЭТ-ийн шүдний төв бий болгохыг зорьж байна. Шүдийг заавал эрүүл болгох ёстой. Засгийн газрын бодлогод ч бий. Тийм учраас бид шүдний эмч нарыг мэргэжил дээшлүүлэх нарийн мэргэжлээр сургах чиглэлээр анхаарч байна. Тоног төхөөрөмж дутмаг байгаа хэдий ч согог засал, гажиг засал чиглэлээр шүдний эмчийн баг, цаашдаа хөгжих хүний нөөцөө бэлдэж байна гэж ойлгож байгаа юм.

-Хот руу явуулж эмчлүүлэхээс аргагүй ямар өвчлөлүүд байна вэ?

-Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд манай төв мэдрэлийн яалт ч үгүй хагалгаануудыг хот руу явуулж байна. Цусны өвчлөлүүдийг явуулж байна. Үнэхээр томоохон хавдруудыг бас явуулдаг. Бусдаар ер нь л Улаанбаатар хот руу өвчтөн явуулах нь бага болж байна. Энэ жил эрчимт эмчилгээний нарийн мэргэжлээр хоёр эмч бэлтгэгдээд ирж байна. Үндсэн гурван эмчтэй. Тасаг тусдаа гарсан. Хуучин дөрвөн ортой байсан бол одоо найман ортой болсон. Би өөрөө эрчимт эмчилгээний эмч. Сумын эмнэлэгт ажиллаж эхэлснээс хойш 20-иод жил өнгөрчээ. Хүмүүс ер нь эрчимт эмчилгээнд орох дургүй байдаг байсан. Өмнө нь “За одоо настай юм, аваад гаръя” гэдэг байсан бол одоо иргэдийн хандлага өөрчлөгдсөн. Эрчимт эмчилгээний хэсгээс тусламж авахыг илүүд үздэг болсон байна. “Нэг, хоёр өдөр ч бай та нар эмчилж, эдгээж өг” гэдэг байр суурьтай болсон.

-Эрчимтийн тасагтаа техник тоног төхөрөөмжийн хувьд ямар өөрчлөлт хийв?

-Аймгийн хөрөнгө оруулалтаар Эрчимт эмчилгээний тасаг, хүүхдийн эмнэлэг рүү  хүчилтөрөгчийн гурвалсан шугам нэмж, татаж өргөтгөсөн. Энэ хүрээнд бид маш олон хүний амийг аварч чадаж байна. Аймгийн хөрөнгө оруулалт нүдээ олсон том хөрөнгө оруулалт болж чадсан. 270 сая төгрөгөөр өргөтгөл хийгээд, 2021 онд ашиглалтад орсон хүчилтөрөгчийн үйлдвэр маань одоо Өвөрхангайд хангалттай хэмжээний хүчилтөрөгч гаргаж байгаа учраас хүмүүсийг эмчлэхэд их үр дүнтэй байна. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар амьсгалын аппаратны асуудлыг шийдэж өгсөн.

-Орон нутаг иргэдийн эрүүл мэндэд чамгүй сайн хөрөнгө оруулалт хийсэн нь харагдаж байна. Төсөвт өртөг, ажлын биелэлт хэдэн хувьтай байна гэж та хэлэх вэ?

-Шугам сүлжээний засвар үйлчилгээ, хүчилтөрөгчийн үйлдвэрийн өргөтгөл, бохирын шугамын өөрчлөлт гээд 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт 2022 онд хийсэн. Би дарга болсноосоо хойшхийг л яриад байгаа шүү дээ. Түүнээс өмнө 2020-2024 онд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил 100 хувьтай биелсэн. Ер нь орон нутаг эмнэлэг рүү чиглэсэн бодлогуудыг 2020-2024 онд хангалттай дэмжиж, хийж өглөө. Та бүхэн мэдэж байгаа байх. Бүрэн ашиглалтад ороогүй байгаа ч дөрвөн давхар хүүхдийн сайхан эмнэлэгтэй болсон. Хүрэлцээ хангамж сайжирсан. Уламжлалтын эмнэлэгтэй боллоо. Одоогоор 27 ортой хөгжиж байгаа салбарын нэг. Ямар ч байсан угаалга ариутгал сайжирсан. Энэ мэтчилэн орон нутгийг мэддэг УИХ-ын гишүүд, Засаг дарга нартай байсны хувьд энэ дөрвөн жилд урьд өмнө байгаагүй томоохон хөрөнгө оруулалтыг үе шат, дараатай хийж, том өөрчлөлтүүдийг БОЭТ-ийн хувьд гаргаж чадсан.

-Өвөрхангай дахь БОЭТ нийт хэчнээн автомашинтай вэ?

-Төвийн хэмжээнд машины хүртээмж хангамж маш их сайжирсан. Чинзориг гишүүн сайд болсноосоо хойш БОЭТ-д гурван машин өгсөн. Бүгд бүрэн тоноглогдсон. Хамгийн сүүлд ирсэн машин Улаанбаатар хот руу өвчтөнийг аваад явах бүрэн боломжтой, 400 гаруй сая төгрөгийн үнэтэй, бүрэн тоноглогдсон автомашин байна. Өвчтөнийг тун яаралтай үед тээвэрлээд, амин үзүүлэлт, бүх аппараттай аваад явах боломж бүрэн бүрдсэн. Ингээд яривал барагдахааргүй их зүйлийг энэ салбарт шийдсэн. Дахин хэлэхэд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан манай гурван түшээ үнэхээр орон нутагтаа ажиллаж байсан, орон нутгийнхаа бодлогыг тодорхойлж байсны хувьд хаана, юу хэрэгцээтэй байгааг соргогоор олж харж, түүнийгээ заавал биелүүлж өгдөг байсан. Танай сайтаар дамжуулж энэ хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Миний бодлоор Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар буюу БОЭТ ямар ч байсан хоёр шат ахисан. Ямар ч байсан иргэний эмчилгээ, оношилгоог БОЭТ-ийн түвшинд хийж чадаж байна.

-Танай төв хэдэн диализмын аппараттай вэ?

-Яамны хөрөнгө оруулалтаар диализын хоёр шинэ аппарат авсан. Одоо 5 диализын аппарат зэрэг ажиллаад, 22 хүн асуудалгүй ороод явж байна. Өөр аймгуудын иргэд ч ирж ордог болсон.

-Ерөнхий мэс заслын хувьд ямар ямар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн бэ? 

-Бид энэ жил иж бүрэн дурантай болсон. Үүнтэй холбоотойгоор урологийн хагалгаанууд нэлээн сайн хийж байна. Сүүлийн саруудад мухар олгойн хагалгааны 30-40 хувийг дурангаар хийж байна. Дурангаар ходоод, цөс, цөсний чулууны хагалгаа хийдэг байсан. Одоо ходоодны дурангийн хагалгааг өнөөдрөөс хотоос эмч дуудаж авчраад хийж байна. Манай эмч бэлтгэгдсэн. Мөн 330 сая төгрөгийн үнэ бүхий бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинэ аппаратыг яамны хөрөнгө оруулалтаар шийдсэн. Ерөнхий мэс заслын эмч нар маань бусад аймгуудтай харьцуулахад өөрсдийнхөө хүчээр элэг, уушги тайрч байна. Ходоодны төрөл бүрийн хагалгааг асуудалгүй хийж байна. Цаашдаа ходоодны салст хуулах мэс ажилбар хийгээд эхэлчихвэл бидэнд их том давуу тал болох юм.

-Бусад аймгуудын иргэд танай төвд ирж, оношилгоо эмчилгээнд хамрагддаг юм байна. Одоогийн байдлаар хэчнээн иргэн танай төвөөр үйлчлүүлсэн байна вэ?

-Манай дээр жилдээ гаднын аймгуудаас 20-иод хүн ирдэг байсан. Манайх 2001 онд БОЭТ болоод, нийт 23 жил үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн хэдэн жил шиг ийм дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Ямар ч байсан энэ хүмүүсийн хүчээр тоног төхөөрөмж, хүн хүч сайжирсан. Энэ жилийн байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, зам дагуу Архангай, Дундговь аймгуудын нийт 300 гаруй хүн эмчилгээ оношилгоо, хагалгаанд орсон байна.

-БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн хангамж, цалин хөлс хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Сая бодож үзэхэд, 2023 онд манай цалин 40 орчим хувиар өссөн байна лээ. 2020 оноос хойш бодож үзвэл, хангалттай хэмжээнд хүрч өссөн гэж бодож байна. Энэ жилийн хувьд бид цалинд зарцуулсан тухайн сар, жилийнхээ мөнгийг бодоод үзэхээр урьд оны мөн үеэс 27.8 хувиар өссөн дүнтэй байна. Бид ажилчдаа дэмжиж, жижүүрүүдийнхээ тавтай ажиллах боломжийг хангаж байна. Яаралтай тусламж дээрээ нарийн мэргэжлийн эмч нараа гаргаж, мөн залуучуудынхаа амьдралыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ жилийн хувьд бидэнд давуу тал их байсан учраас түүнийгээ ашиглаад, цалин мөнгөө нэмлээ. Ерөнхийдөө 20-30 хувиар өссөн байна. Үйлчилгээний албаны цалин энэ жилийн хувьд их сайн өссөн шүү дээ, бодлогын хүрээнд.

-Цалин өссөн учраас үйлчилгээний ажилчдын тоо хангалттай нэмэгдсэн гэж ойлгож болох уу?

-Хуучин манайд ажлын байр зарлаад байхад үйлчлэгч, угаагчаар ажиллах хүн олддоггүй байлаа. Одоо миний ширээн дээр угаагч авахаар зарласны дагуу 6-7 өргөдөл ирсэн байж байна. Энэ нь төрд ажилласны давуу тал, цалин мөнгө нэмсний үр дүн л гэж бодож байна. Өмнө нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилчид хамгийн муу цалинтай байсан. Би төвийн дарга болоод, үйлчлэгч нартайгаа хурал хийж байхад гар дээрээ бэлэн 560 мянган төгрөг авдаг гэж ярьдаг байсан. “560-хан мянган төгрөгөөр яаж амьдарна аа, 480 мянгыг нь хашаа байшингийн зээлэндээ өгөөд, 80 мянган төгрөгөөр би сардаа болгодог” гэж ярьж байсан үйлчлэгчтэй ч таарч байсан.

-Та үйлчилгээний ажилчидтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзав? Сэтгэл хангалуун амьдарч чадаж байна гэнэ үү?

-Дөрөв хоногийн өмнө хүмүүсээ цуглуулж уулзлаа. Үйлчлэгчдийн цалинг асуухад, одоо хамгийн багадаа нэг сая 20 мянгад хүрсэн байна. Үйлчлэгч маань “Болж байна аа, дарга аа. Ямар ч байсан зээлээ төлөөд, одоо 700, 800 мянган төгрөг гар дээрээ авч үлдэж чадаж байгаа шүү” гээд ярьж байсан. Төрийн ажил цалин, хангамж сайтай, амрах амралттай болчихож гээд хүмүүс төр рүү, дамай үйлчилгээний ажилд орох хүсэлтэй хүмүүсийн тоо ихэсч байгаагаас харахад ноднин Засгийн газрын гаргасан шийдвэр нүдээ олжээ.

-БОЭТ-ийн захирал байх амаргүй болов уу. Танд тулгарч байгаа ямар асуудал байна вэ?

-Манай БОЭТ-д үндсэндээ 560 хүн бүртгэлтэй байдаг. Үүнээс яг ажлаа хийж байгаа нь 470-490-ийн хооронд хэлбэлздэг. Сардаа 20-30 хүн төрөөд, амраад, нөхөөд явдаг. Ер нь хүнд л дээ. Хүн болгонтой тулж ажиллана. Жишээлбэл, бид жилд 110 гаруй мянган хүнд амбулаторийн үзлэг хийж байна. Энэ жилийн хувьд 230 мянган хүнд үзлэг хийгээд байна. Дээр нь 13 мянга орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, 2000 гаруй хагалгаа хийж, 1800-гаад хүн төрүүлээд байна. Бүгдээрээ сайн гэж хэлнэ гэж байхгүй. Дарга дээр хэн орж ирдэг вэ гэхээр ер нь гомдогсод их орж ирдэг. Мэдээж алдаа гарахгүй байна гэж байхгүй. Аль болох бид алдаа бага гаргахын тулд ажилладаг. Эмчтэйгээ хамтдаа шантрах ч үе байна, иргэндээ загнуулаад уйлах ч үе байна. Хүнээ алдсан хүн сайхан хандахгүй нь тодорхой. Энэ бүгдтэй л тулаад явна даа, өөр арга байхгүй. Мэдээж эмч хүн алдъя гэж алддаггүй, санамсаргүй байдлаар ч юм уу, хайхрамжгүй байдлаас ч алдаа гаргах тохиолдол байдаг. БОЭТ дандаа сайн гэхгүй.

-Ямар гомдлууд зонхилох вэ?

-Жишээлбэл, “11-11”-ийн шуурхай хуралд суухад манай нэр гарахгүй байна гэж байхгүй. Би дарга болсноосоо хойш хоёр, гуравхан удаа л гомдолгүй хуралд сууж үзлээ дээ. Энэ гомдлуудын дийлэнхэд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой нь ер нь бага байдаг. Мэдээж хүнд хүнтэй тохиолдлууд байна. Харилцаа хандлагатай холбоотой гомдлууд зонхилдог. Иргэд маань ч их гомдомхой болсон, эмч нар маань ч ачааллаас болоод жаахан бухимдангуй хандах нь ч бий.

-Эмч нарынхаа ачааллыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авав?

-Энэ жил энэ чиглэлээр маш том хөрөнгө оруулалт хийж өгсөндөө их баяртай байна. Бүх эмчээ сүүлийн үеийн нөүтбүүкээр хангасан. Бас л ЭМЯ-ны санхүүжилтээр. Манай бүх эмч i7-гийн 13 дугаар женерэйшний нөүтүүд барьж байна. Энэ олон бичиг баримт бүрдүүлдэг болсон цагт үнэхээр хэрэгтэй байгаа юм. Бас л нүдээ олсон том ажлуудын нэг. Сувилахуйн арга зүйчдээ iPad-аар хангаж өглөө гээд яриад байвал бид цахим, оношилгоо, эмчилгээ зэрэг бүх тал дээрээ өөрчлөлт гаргасан гэж хэлж болно.

-Хамт олноо удирдан залахын тулд та ямар ямар чиглэлээр мэргэшсэн бэ?

-Сургууль төгссөн гэвэл их олон болох гээд байна. Хүний их эмч. 2011 онд анестезологи, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр төгссөн. Суманд есөн жил зургаан сар, БОЭТ-ийн орлогч даргаар найман жил ажиллаад, гүйцэтгэх захирлаар хоёр жил ажиллаж байна. Энэ хугацаандаа нийгмийн удирдлагын менежер, төрийн захиргаа удирдлагын магистр, удирдахуйн ухааны докторант, эрүүл мэндийн удирдлагаар тэргүүлэх зэрэг хамгаалсан. Ямар ч байсан удирдлагын бүх шатны сургалтад хамрагдсан. Энэ суурин дээрээ, хамт олонтойгоо хамтарч ажиллах тал дээр чадлаараа зүтгэж байна. Мэдээж эрүүл мэндийн салбар дээр үр дүн гарахад хэцүү. Хүн сайныг нь харахаас илүү саарыг нь ихэвчлэн хардаг.

-Хүн урмын амьтан шүү дээ. Та баярлалаа, талархлаа гэдэг үг хэр олон сонсдог вэ? 

-Сайхан эмчлүүлээд, эдгэсэн хүн эмчид “Баярлалаа” гээд хэлээд, гараад явчихаж байгаа юм. Дарга дээр бол “Энэ эмч чинь болохгүй байна, ингээд манай хүнийг алчихлаа, манай энэний биеийг муутгачихлаа, танай эмчээс боллоо” гэх мэт гомдлыг өдөрт орж ирж байгаа 40 хүний 30 гаруй нь хэлж байгаа юм даа. Эмнэлгийн дарга бас сайхан юм харна аа. Сайхан эмчлүүлээд, эрүүл болоод гарч байгаа хүмүүсийг харна. Том том хагалгаанууд хийлгээд, талархаад гарна. Энэ бол биднийг ганц тэжээж байгаа юм шүү дээ. Өнөөдөр та бид ярилцаад суухад үнэхээр сайхан байна. Ер нь өдөрт өрөөнд сайхан юм яриад орж ирэх хүн ховор. Эмнэлгийн ажилчид “Дарга аа, би ингэсэн чинь тэгж болохгүй байна”, “Би чөлөө авмаар байна”, “Би тийшээ явмаар байна” гэнэ. Ганц нэгхэн эмчтэй, явчихвал бас ажил хойшилно. Тэр бүхнийг зохицуулна. Дандаа л “амь тэмцсэн”, яаж шийдэх вэ гэсэн асуудалтай л тулгардаг даа, захирлын ажил гэдэг.

-Та БОЭТ-ийг удирдахын зэрэгцээ төрж өссөн Бүрд сумынхаа иргэдийн эрүүл аж төрөх асуудалд анхаарал хандуулна биз?

-БОЭТ-ийн захирлын хажуугаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын төлөөлөгчийг дөрвөн жил хийлээ. Бүрд сумын иргэдийн төлөөлөгч хийхдээ эмнэлэгтэй, ард иргэдтэйгээ тулж ажиллахыг хичээсэн. Үр дүн гарсан гэж боддог.

-Баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030