Өнөөдөр: 11 сарын 10.     04:27:07
  Улаанбаатар   -14ºC

"Банк оруулж ирэхгүй, 2 хөрштэйгөө уламжлалт, найрсаг харилцаагаа хадгалж, хөгжүүлэх нь чухал”

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Монгол, Орос хоёр улсын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл байсаар байгаа тул хамтарсан ажлын хэсэг гаргасан. Төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү гэх мэт хувилбаруудыг авч үзнэ. Тус улсын банк Монголд салбараа нээх нь боломжтой, Засгийн газар үүнд нээлттэй ханддаг” хэмээн хэлсэн. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан эдийн засагчид, иргэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Тэд хэлэхдээ “Монголд Оросын банк нээгдвэл хөрөнгө оруулалт хумигдаж, иргэд гадаадад зорчиход хүндрэл үүснэ” гэж онцолсон юм.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Манай улс ОХУ, БНХАУ хоёр хөрштэйгээ хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй. Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хоёулантай нь харилцаагаа хөгжүүлэх нь чухал.

Нөгөө талаараа гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харилцаагаа өргөжүүлэх, нээлттэй олон тулгуурт бодлогыг баримталж явдаг. Тиймээс ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.

Өнөөдрийн байдлаар ОХУ, манай улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч манай талд алдагдалтай гардаг. Бид жилдээ сая гаруй тонн бензин шатахуун авдаг. Түүний төлбөрт олон тэрбум төгрөг, доллар төлдөг. Тиймээс экспортоо нэмэгдүүлэх, импортоо ч зохистой байлгах, гадаад худалдааны тэнцвэртэй байдлаа хадгалах нь манай үндэсний эрх ашгийн асуудал.

Банк санхүүтэй холбоотой асуудалд хөрш орнуудтайгаа, ялангуяа мөнхийн хоёр хөрштэйгээ хийж байгаа яриа хэлэлцээр, гадаад дотоод бодлогыг гуйвуулсан, хагаралдуулах гэсэн асуудлууд явж байна. Үүнд төлбөр тооцооны, банк санхүүгийн асуудал яригдаж байна.

Хэдийгээр бид бензин шатахуун, экспорт, импортын төлбөр тооцооны асуудлыг аль болох хэвийн хийж байгаа ч удаашралтай байгаа. Учир нь ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой. БНХАУ-ын банкаар дамжуулж хийж байгаа ч энэ нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс бид шинэ гарц гаргах, ямар нэгэн хориг саадад ороогүй банк санхүүгийн байгууллагыг хооронд нь харьцуулах асуудал ярьж байна.

Хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг түргэвчлэх талаар аль, аль түвшинд яригдаж байна. Хэрвээ бид төлбөр тооцоогоо төлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл бензин шатахуунаа авах асуудал хүртэл хойшлох удаашрах асуудал үүснэ. Үүнийг зориуд мушгин гуйвуулах шаардлагагүй.

Банк оруулж ирэхгүй. Хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцооны асуудлыг яаж банк санхүүгийн байгууллагаар саад бэрхшээлгүй, түргэн шуурхай хэвийн явуулах асуудал яригдаж байгаа юм” хэмээн хариулав.

Н.ЦЭНД


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030