Өнөөдөр: 5 сарын 27.     23:48:53
  Улаанбаатар   16ºC

Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт

УИХ-ын хаврын ээлжит чуулган анх удаа цахим горимоор эхэллээ

 

УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн буюу 2020 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 6-ны 12.00 цагт гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр анх удаа цахим горимоор эхэллээ. 

 

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд Монголын төр засгаас оновчтой, цаг алдалгүй арга хэмжээ авч байгааг тэмдэглэхийн сацуу иргэн бүр журамт үүргээ ёсчлон биелүүлж байгаад талархалтай буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээх үеэрээ онцлов.

 

Тэрбээр, "Монгол Улсад шинэ коронавирус дотоодоос илрээгүй, гаднаас зөөвөрлөгдөж ирсэн 15 тохиолдлыг сайн эмчилж чадсаны үр дүнд түрүүчээсээ эдгэрч, хайртай хүмүүстэйгээ учирч байна. Эмчийн тангаргаа сахин биелүүлж шинэ коронавирусийг оношилж эмчилж байгаа Ц.Чинбаяр, Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидент нарын баг болон тусгаарлах байранд ажиллаж байгаа нийт эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлье.

 

Чуулган эхлэхийн өмнөхөн Ц.Чинбаяр эмчтэй утсаар холбогдож, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт хоёр хүнийг эмчилсэн. Сайд нь харьж амсхийх санал тавихад энэ хүмүүсээ эмчилж үр дүнг нь хармаар байгаагаа хэлж, ар гэрээсээ зөвшөөрөл авсан гэдгээ дуулгасан. Улс орны санхүү ямар байгааг ойлгож байгаагаа тэмдэглэж, эм эмнэлгийн хүрэлцээ хангамжид анхаарах санал хэлж байгаад нь бахархах, хүндэтгэх сэтгэл төрлөө. Эрүүл энхийн манаанд зогсож байгаа Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны эмч, мэргэжилтэн, Д.Нямхүү захиралтай ХӨСҮТ-ийнхөн энэхүү хуралдаанд цахимаар холбогдож байгаад талархал илэрхийлье. Төрийн шийдвэрийг сахин албаны үүргээ биелүүлж байгаа цагдаа, цэрэг, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн тусгай албан хаагчдадаа мөн хууль тогтоох дээд байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Монгол хүний эрүүл мэнд, саруул ухаанаар үлгэр дуурайл үзүүлж, хатуу дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө ажиллахыг нийт төрийн албан хаагчдадаа уриалъя" хэмээв.

 

УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулж байна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдах бөгөөд хамгийн түрүүнд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Тус хуулийн төсөлд УИХ-ын чуулганыг онцгой дэглэмийн үед цахимаар хуралдуулж болох эрх зүйн үндсийг тогтоох юм.

 

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд ард түмэнд хандан гаргасан уриалгаа чуулганы индрээс танилцуулсан юм. “Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхэлснийг уриалгын эхэнд онцолсон. Монгол Улс эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг мөн дурдсан байна. Ерөнхийлөгчийн уриалга зургаан зүйлтэй. Үүнд:

 

Нэг. Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

 

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

 

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

 

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

 

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

 

Долоон намын мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж үзэв

 

Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 15 нам, 4 эвслийн УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг гаргажээ. Үүнээс 7 намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн бол бусдыг нь хуульд нийцээгүй гэж дүгнэснийг ҮАГ-ын орлогч дарга О.Тэнгис мэдээлэв.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тухай болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх ёстой. Тодруулбал, мөнгө, эд хөрөнгө амлах, үнэгүй болон хямдруулсан үнээр үйлчлэх, улс, орон нутгийн салбарын орлогыг бусдад хандивлах, уул уурхайн салбарын орлогыг хишиг, хувь болгож хуваарилах зэргийг хуулиар хориглодог. Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан бөгөөд тав хоногийн дотор хуульд нийцүүлж, ҮАГ-т дахин ирүүлэх боломжтойг ҮАГ-ын орлогч дарга О.Тэнгис онцолсон юм. Тухайлбал, цалинг 2-5 сая төгрөгт хүргэх нам, эвслүүдийн нийтлэг амлалт нь төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэхээр байна. Мөн орон сууцанд үнэгүй оруулах, арилжааны банкны зээлийг хүүгүй болгох зэрэг амлалт хууль зөрчиж байна хэмээн ҮАГ үзжээ.

 

Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхын засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр хуульд нийцжээ.

 

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

 

Засгийн газрын энэ сарын 8-ны ээлжит хуралдаанаар Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг 2020-2024 онд барихаар шийдвэрлэсэн байна. Цахилгаан станцын санхүүжилтийг төр хариуцах бөгөөд ингэхдээ гадны зээл болон бусад эх үүсвэрээс эхлээд бүх боломжийг ашиглахаар төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

 

 

2018 онд Оюутолгой компани 300 мВт-ын цахилгаан станц байгуулахаар Засгийн газартай гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Учир нь тус компани цахилгаан станцыг 1.1 тэрбум ам.доллар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр барих санал ирүүлжээ. Энэ нь Монголын тал ирээдүйд Оюутолгой төслөөс хувь авах хугацааг хойшлуулах магадлалтай тул хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзсэн байна. Улмаар 2013 онд баталсан ТЭЗҮ-ийг ашиглан цахилгаан станц барих болсон гэдгийг Ц.Даваасүрэн сайд онцлов.

 

Тэрбээр, “Тавантолгой төслийг анх хэрэгжиж эхлэхэд 17 сая ам.доллар зарцуулж байсан. Тухайн үед цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн ажлыг оруулаад 560-600 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байгаа юм. Энэ бол Оюутолгой компанийн тавьсан саналаас даруй 30 хувь хямд үнэ. Үүнээс гадна эрчим хүчний үнэ 50 хувь хямд байна. Тиймээс станц барих төслийг төр санхүүжүүлэх боллоо. Засгийн газар болон Оюутолгой компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчийг Монгол Улсаас худалдан авдаг болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс станцыг ашиглалтад оруулсны дараа гол хэрэглэгч нь Оюутолгой байх юм” гэлээ.

 

Оюутолгой төсөл импортын эрчим хүчинд жил 170-200 сая ам.доллар зарцуулдаг байна. Тиймээс төр Тавантолгойн станцыг барьсан зардлаа 5 жилийн дотор нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ.

 

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр "Солонго 1, 2" түрээсийн орон сууц барина

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар, "Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрх олгох захирамж гаргахаар тогтлоо. 

 

Агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад зориулж 7000 айлын орон сууц бүхий “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн юм. БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам, Солонгос Улсын Экспорт –Импорт банк хооронд гарын үсэг зурах юм.

 

Мөн Засгийн газрын хуралдаанаар, Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-д тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. Түүнчлэн, Музейн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрхзүйн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж энэхүү хуулийг төслийг боловсруулжээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-нд үүрэг өгөв

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны удирдлагуудыг энэ сарын 9-нд хүлээн авч уулзан үүрэг өгчээ.

 

 

Дэлхий нийтэд коронавирус тархаж буй эрсдэлтэй цаг үед УИХ-ын ээлжит сонгуулийг хэрхэн зохион байгуулах, санал авах байрны тоог нэмэх боломж, сонгуулийн зардал нэмэгдэх магадлал байгаа эсэх зэргийг судлан, Засгийн газар, УОК-т саналаа хүргүүлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Мөн нам, эвслээс эсхүл бие даан нэр дэвшигч олон нийтийг цуглуулахгүйгээр сурталчилгаагаа хэрхэн явуулах талаар УОК-оос санал авах, Болзошгүй ажлын төлөвлөгөө буюу онц байдлын үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөө боловсруулж, батлахыг үүрэг болгожээ.

 

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийн бага хурал хийхдээ, “Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг цахимаар зохион байгуулахаас эхлээд СЕХ-оос төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногт Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө баталж, Засгийн газар, УОК болон ЭМЯ-нд хүргүүлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх талаар мэдээ мэдээлэл гарах болсон. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулах, зогсоох асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн тодорхой зохицуулалт бий. СЕХ хууль хэрэгжүүлэгч байгууллага тул УИХ-аас гаргасан шийдвэрийг дагах болно” гэлээ.

 

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатараас цэрэг татахгүй

 

Улсын онцгой комиссын энэ сарын 9-ний хуралдаанаар, Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос 2020 оны ээлжит цэрэг татлага зохион байгуулахгүй байх шийдвэр гарсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэв. 

 

Цэрэг татлагын энэ оны хяналтын тоог Засгийн газраас тогтоосон ч шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тоог хязгаарлах шаардлагатай байгаа аж. Сайд Н.Энхболд хэлэхдээ, "Хилийн боомттой болон иргэдийг тусгаарлаж байгаа буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй байх шийдвэр гаргалаа. Цэрэг халагдсанаар, зайлшгүй шаардлагаар хил дээр алба хаах цэргийн тоо багасаж таарахгүй. Тиймээс гол төлөв хилийн цэрэг болон зэвсэгт хүчний нэг тусгай ангид шаардлагатай цэргийг нөхөн татах ажлыг хийнэ. Онцгой дэглэмийн үед тавьж буй шаардлагын дагуу нэг дор 5 хүнийг цуглуулахгүйгээр цэрэг бүртгэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, ачих, тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттай төлөвлөж хийхээр шийдвэрлэлээ" хэмээв. Мөн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй хэмээн мэдэгдлээ. Харин сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох Ерөнхий сайдын чиглэлийн дагуу БСШУСЯ-нд ажлын баг судалгаа хийж байна. Судалгаа, дүгнэлт гарсны дараа энэ асуудлыг хэлэлцэхээр хойшлуулжээ. 

 

Тусгай нислэгийн хувьд, цаашид боломжийн хэрээр тухай бүрт нь шийдвэрлэн нисгэхээр төлөвлөж байгааг онцлов. Ингэхдээ өмнө нь тавьсан шаардлагын адил, өндөр настай, жирэмсэн, хүүхэдтэй, эрүүл мэндийн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг эх оронд нь татаж авна гэдгийг тэмдэглэв. 

 

Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг баталлаа

 

УИХ-ын чуулганы энэ сарын 9-ний хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг баталлаа. 

 

Тогтоолын төслийг дагалдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь өргөн мэдүүлжээ.

 

Тогтоолын төсөл болон хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Тус байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийн үеэр гаргасан төслийн 1 дэх заалтын 4 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гарган дэмжсэн байна. 

 

Тодруулбал, 

 

Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөлийг хангах,

Боловсролын алсын зайн сургалтын үйлчилгээ үзүүлэх

Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих

Импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ, тарифын хөнгөлөлтийг үзүүлэх,

ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй тул Төсвийн байнгын хорооны дэмжсэн дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжив. Ийнхүү тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

 

Дээрх тогтоолын хүрээнд Эдийн засгийг дэмжих чиглэлд 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Тухайлбал, хувийн аж ахуйн нэгжүүдийн ажилтны орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 30 хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлнө. Мөн энэ хугацаанд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхийн зэрэгцээ хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувь болон түүнээс илүү багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор тусгажээ.

 

Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй

 

Улсын онцгой комисс энэ сарын 11-нд хуралдаж иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилгоор "Амны хаалтаа зүүцгээе" аяныг ирэх сарын 31 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Аяны хүрээнд, Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэхийн зэрэгцээ иргэд бие биедээ амны хаалт зүүх талаар сануулж, зөвлөж байхыг уриалахаар болжээ. Мөн амны хаалт зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх бөгөөд олон нийтийн эргүүл, байцаагч нарыг нэмж ажиллуулах аж. 

 

БНСУ-аас иргэдээ татах тусгай нислэгийн тов өөрчлөгдөж магадгүй

 

БНСУ-аас иргэдээ татан авахаар энэ сарын 17-нд тусгай нислэг хөөргөхөөр төлөвлөөд байсныг УОК-ын энэ сарын 11-ний хуралдаанаар бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ. 

 

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ үе шаттай татан авч байна. Өнөөдрийн байдлаар манай улс 9 удаагийн тусгай нислэгээр 1800 иргэнээ эх орондоо авчраад байна. Ингэхдээ тусгаарлах байрны хүрэлцээ, ХӨСҮТ-ийн хүчин чадал, эмч нарын хүрэлцээ зэргийг харгалзан үзэж дараагийн нислэгийг төлөвлөж байгаа.

 

Дэлхийн 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Үүнээс БНСУ-аас 2000 гаруй, АНУ-аас 1270, Австралиас 906, Казахстанаас 560, Энэтхэгтээс 549, Туркээс 437, Их Британиас 365, Японоос 300 монгол иргэн хүсэлт ирүүлжээ. 

 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402