Монгол Улс 2024 оны эхний найман сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 (13.6 хувь) тэрбум ам.доллар, экспорт 620.0 (6.2 хувь) сая ам.доллар, импорт 1.6 (26.2 хувь) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 935.6 (23.0 хувь) сая ам.доллароор буурсан байна.
Экспорт 2024 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 620.0 сая ам.доллароор өсөхөд нүүрс 372.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 68.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 238.3 сая ам.доллар, ачааны автомашин 212.0 сая ам.доллар, дизелийн түлш 144.3 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 118.0 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 64.9 сая ам.доллар, автобензин 47.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспорт 2024 оны наймдугаар сард өмнөх сараас 21.3 (1.5 хувь) сая ам.доллароор буурч, импорт 57.3 (5.5 хувь) сая ам.доллароор өссөн байна.
2024 оны эхний найман сарын хилийн дундаж үнийн үзүүлэлт:
Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 323.7 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 149.9 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.2 ам.доллароор тус тус өсөж, нүүрсний үнэ тонн тутамд 24.9 ам.доллароор буурсан байна.
БНХАУ-д экспортолсон барааны 63.5 хувийг нүүрс, 20.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжээ.
Гурилын экспорт 2024 оны эхний найман сарын байдлаар 1403.2 тонн болж, өмнөх оны мөн үеэс 1377.4 (54.4 дахин) тонноор өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.4 хувийг эзэлж байгаа бол импортын 72.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.
Н.ЦЭНД
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих