Өнөөдөр: 10 сарын 4.     03:34:56
  Улаанбаатар   -14ºC

Озоны цоорхой нөхөгдөж байна

Жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг Монреалийн Протоколд нэгдсэн 198 орон “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг "Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна" уриан дор тэмдэглэж байна.

МОНГОЛ УЛС ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТЫГ ҮЕ ШАТТАЙ БАГАСГАЖ, ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний албаны захирал Ц.АДЪЯАСҮРЭН:

-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг 36 жилийн өмнө баталсан. Шинжлэх ухаан технологийн үр дүнд 1920 онд хлор фторт нүүрстөрөгчийн хий буюу хөргөх шинэ технологи гарган авснаар хөргөлт, агааржуулалтын технологид ахиц дэвшил гарсан.

Химийн салбарын эрдэмтэд 1975 онд судалгаа хийж, хөргөлтөд хэрэглэдэг бодис нь ууршин, хөргөлтийн төхөөрөмжөөс алдагдаж, озоны давхаргыг цоолж байгааг тогтоосон.

Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг тодорхой хэмжээнд өөртөө шингээдэг. Хэт ягаан туяа хэмжээнээс хэтэрснээр озоны давхарга үгүй болж, хүний биеийн дархлаа сулрах, нүдэнд цагаа унах, болор цайх, арьсны өвчнөөр өвдөх үр дагавартай.

Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг хэрэгжүүлснээр тус давхаргын цоорхой тодорхой түвшинд нөхөгдөж байна.

Монгол Улс озон задалдаг бодисын импортын хэрэглээг үе шаттай багасгах, хэрэглээнээс гаргахыг зорьж, гидрохлорфторт нүүрстөрөгч, гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын судалгаа хийжээ.

Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортод тавих гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт ч сайжирч байна. Мөн гидрохлорфторт нүүрстөрөгч төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оноос шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлохыг зогсоогоод байна.

ОЗОНЫ ЦООРХОЙ 2040 ОН ГЭХЭД 1980 ОНЫ ТҮВШИНД ХҮРЧ НӨХӨГДӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2040.png

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, бүх нийтээр цэцэглэн хөгжиж чадах Дэлхийг байгуулцгаая” гэж уриалсан билээ.

Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол агаарын температур 1.5 хэм хүртэл нэмэгдэнэ. Иймд улс орнуудад Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Засгийн газар, бизнес эрхлэгч, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, залуусын бүлэгд, орон нутгийн иргэд хамтдаа хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ” хэмээн хэлж байв.

Монреалийн Протоколд нэгдсэн 198 орон одоогийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктид, 2055 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсэгт 1980 оны түвшинд хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнө) нөхөгдөх төлөвтэй байгаа ажээ.

Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломж олгосноор Монреалийн Протокол нь олон хүнийг арьсны хорт хавдар, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэр, сургууль, ажлын байр дахь агааржуулалтын хэрэгцээ нэмэгдэж байгааг зогсоох боломжтой юм.

Н.ЦЭНД


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030