Өнөөдөр: 10 сарын 15.     12:30:20
  Улаанбаатар   -14ºC

Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ

Л.Нинжбат: Өмгөөллийн тухай хууль батлуулж, өрх тусгаарлахыг хуульчид дэмжихгүй
Сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон элдэв асуудал чих дэлсэж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ төрүүлж эхэллээ. Тодруулбал, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлагдаж,  Монголын хуульчдын холбоог байгуулснаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүд нэг дээвэр дор орсон юм. Хуульчид нэг дээвэр дор өөрийн удирдлага, хяналт, зохицуулалтын байгууллагатай, асуудлаа хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чаддаг болсон. Гэвч энэхүү том дээвэр дороос өмгөөлөгчид, шүүгчдийг холбооноосоо өрх тусгаарлаж гарахаар болсон гэх яриа гадуур тархаад удав.

Тэгвэл хуульчид холбооноосоо гарах нь хэнд ашигтай юм бэ, гарах шалтгаан нь юу юм, өмгөөлөгчид үнэхээр тусдаа хуультай болж, холбоо байгуулах гэж байгаа нь үнэн үү гэсэн асуудлуудаар өмгөөлөгч Л.Нинжбаттай ярилцлаа.


-Хуульчдын холбооноос өмгөөлөгчид өрх тусгаарлаж тусдаа гарах нь хэнд ашигтай юм бэ?

-Шууд гарна гэж ойлгож болохгүй. Өмгөөллийн тухай хуулийг санаачлаад явж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа ажил гэж харж байгаа. Энэ хууль батлагдсанаар Монголын хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй хуульчид шууд гарчихгүй юмаа. Харин давхар гишүүнчлэлтэй явах асуудал бий. Өөрөөр хэлбэл, МХХ-ны гишүүн, Монголын өмгөөллийн холбооны гишүүн ч байна гэсэн үг. Хоёр төрийн бус байгууллагад хамааралтай болно. Ер нь бол дээрх хууль батлагдаад, өрх тусгаарлалаа гэхэд өмгөөлөгч бидэнд ашигтай хувилбар харагдахгүй байгаа. Харин үүнийг санаачлаад явж байгаа хүмүүст тодорхой ашиг сонирхол байгаа болов уу.

-Тэгэхээр татварын асуудлаас эхлээд л гишүүдэд дарамт болж эхлэх үү?

-Тийм. Давхар гишүүнчлэлийн хураамж төлөгдөнө гэсэн үг. Хувь хүний зүгээс харвал надад нэг татварын дарамт нэмэгдэнэ. Уг нь Монголын хуульчдын холбоо 5500 гаруй хуульчтай. Гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хуульчдыг сонгон шалгаруулж, зөвшөөрөл олгодог нэгдсэн том байгууллага шүү дээ. Хуучин бол Хууль зүйн яаманд харьяалагддаг байсан. Харин 2012 онд төр өөрийнхөө чиг үүрэг, ачаагаа хөнгөлж төрийн бус байгууллагад шилжүүлж болдог хамгийн том зарчмын шийдлийг манай холбоо бий болгож гарсан. Үйл ажиллагаа нь олон улсын жишгээр явж байгаа. Зөв явж байгаа үйл ажиллагаа, төслийг дундаас нь ингэж зогсоож, хувааж, тараах хэлбэрээр бусниулах нь буруу гэж харж байгаа.

-Гишүүд татвар гэж хэчнээн төгрөг холбоондоо төлдөг вэ. Татварын мөнгийг юунд зарцуулдаг вэ. Та нарт тайлангаа тавьдаг уу?

-Хуульчдын холбооны гишүүн сард 20 мянга гэхээр жилд 240 мянгын татвар төлдөг. Энэ мөнгө Холбоонд төвлөрдөг. Миний ойлгосноор Холбоо мөнгөө хуримтлуулж өөрийн гэсэн байртай болох гэж байгаа гэсэн. Холбооны санхүүгийн зарцуулалтын зориулалтыг хууль, дүрэм, журмаар зохицуулсан байдаг. Голдуу хуульчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалт, форум, их хурлын зохион байгуулалтын зардал, Холбооны ажилчдын цалин, байрны түрээс зэрэгт зарцуулагддаг байх.

-Шүүгчид бас гарах гээд байгаа гэсэн шум байсан. Үнэн үү?

-Зарим нэг хүмүүсээс тийм яриа гарсан сураг байсан. Холбоонд гишүүнчлэлтэй байх нь шүүгчдийн хараат бус байдалд нөлөөж байна гэсэн бололтой юм билээ. Яг яаж нөлөөлөөд байгаа талаар жишээ баримт хараахан яригдаагүй байдаг. Хэрвээ Өмгөөллийн тухай хууль батлагдаад өмгөөлөгчид гараад явбал, дараа нь шүүгчид, прокурорууд нь дагаад гараад явчихна. Тэгээд л үндсэндээ Монголын хуульчдын холбоо тарах байх гэж би бодож байгаа.

-Өмгөөллийн тухай хуулийг шинээр баталж гаргахаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэр хуулийн төслийг олж харсан уу?

-Хууль зүйн яаманд Ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон. Төсөлтэй хальт танилцсан.  Хуулиар хэн нэгэн нь өөртөө эрх мэдлийг олж авдаг. Тухайлбал, хуульчдад өмгөөлөгчөөр ажиллах эсэх зөвшөөрөл олгохын тулд шалгалт авна, дүгнэлт гаргана гэдэг чинь өөртөө тэрхүү эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн л санаа. Одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зохих шалгалт шүүлгийг нь өгөөд өмгөөллийн эрхээ авах зохицуулалтууд нь байгаа. Хуульчдын холбоо эрх зүйч нараас шалгалт аваад тэнцсэн этгээдэд хуульч гэсэн гэрчилгээ өгдөг. Ийм байхад Өмгөөллийн тухай хуульд яг адилхан чиг үүрэг харагдаад байгаа. Хоёрдугаарт, татвар хураамжийн асуудал. Би Холбоондоо татвар төлдөг байсан бол Өмгөөллийн холбоонд бас төлөх болно. Яахаараа би хоёр Холбоонд татвар төлөх ёстой гэж. Эцэст нь, өмгөөлөгчдөд хариуцлага тооцох асуудлыг хийсэн нь бас л хуулийн давхардалт юм. Угаасаа Монголын хуульчдын холбоонд Мэргэжлийн хариуцлагын хороо гээд хуульчдад хариуцлага тооцдог бүтэц бий. 

Анх Хуульчдын холбоог байгуулах болсон гол санаа нь төр өөрийнхөө чиг үүргийг төрийн бус байгууллагад  шилжүүлээд, олон улсын Баарын холбооны хэлбэрээр хуульчид нэгэн дээвэр дор орсон. Энэ холбоог байгуулахын тулд багц хуулиуд батлагдан гарсны нэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хуулийнхаа дүрэм журмаар явж ирсэн. Энэ бүх өөрчлөлт, зохион байгуулалт чинь бүгд мөнгөөр хийгдэнэ. Ард түмний, төсвийн багагүй хөрөнгө зарцуулагдсан байх. Үндсэндээ бол төр өөрийнхөө ачааг ТББ-д үүрүүлээд маш зөв хувилбараар явж байгаа.Үүнийг бүр сайжруулж төгс болгохын оронд бяцхан амбицанд хөтлөгдөж буцаагаад нурааж эвдэж сүйтгэж болохгүй.

-Ер нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх шаардлагатай юу?

-Ний нуугүй хэлэхэд, одоогоор ийм хууль байх шаардлага байхгүй байгаа юм.

-Хэрвээ энэ хууль батлагдвал холбооны чиг үүрэг адилхан, хуулийн давхардалт их болно хэмээн хуульчид харж байгаа юм билээ?

-Хуулийн давхардалт бий болно. Уг нь хуульчид нэг дээвэр дор байх нь ашигтай. Наад зах нь эрх ашгаа хамгаалуулахад нь хэрэгтэй. Жишээ нь, одоо нийгмээрээ шүүх рүү, шүүгчид рүү дайрч давшилж эхэллээ. Тэдний эрх ашгийг мэргэжлийн энэ том Холбоо нь хамгаалах ёстой. Прокурорууд босоо удирдлагатай учраас тэдний эрх ашгийг ч хамгаалахад мэргэжлийн холбооны үүрэг роль чухал юм. Хэрвээ хуульчдын нэгдэл ингээд жижгэрээд явчихвал тэднийг хэн ч тоохгүй, эрх ашгаа хамгаалж чадахгүйд хүрнэ.

-Нэг тогоонд байгаа хуульчид хоорондоо хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Хуульчдын холбоонд чиг үүргийн хороод, сайн дурын хороод гэсэн дотоод бүтэц гэж бий. Жишээ нь, Иргэний эрх зүйн хороо, Захиргааны хэргийн эрх зүйн хороо гэж бий. Энэ хороод дотор шүүгч, өмгөөлөгч, бусад хуульчид нэгдэж хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх талаар онол-практикийн санал, бодлоо хуваалцдаг. Энэ бол том ололт, дэвшил гэж би боддог.

-2000 гаруй өмгөөлөгчөөс санал авсан уу. Дэмжиж байгаа нь хэр бол, эсэргүүцэж байгаа нь хэр вэ?

-Өмгөөлөгчдийг хүсээгүй байгаа зүйлийг хүчээр хийлгэх гээд байх шиг байна. Энэ хуулийг батлуулах нь зөв үү, буруу юу гэдгээр санал аваагүй. Үнэндээ хуулийн төсөл болон өрх тусгаарлаж тусдаа гарах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа олон хуульч бий. Бид нарын асуудлыг зохицуулах гэж байгаа юм бол эхлээд бид нараас санал авах хэрэгтэй биз дээ. Эхлээд өмгөөлөгчдөөсөө асуухын оронд хамаг юмаа бэлэн болгоод цаанаа улстөрийн тохироо нтр хийсэн явж байх шиг харагдаад байгаа. Миний бодлоор эхлээд бүх өмгөөлөгчдөөсөө, эсвэл бүх хуульчдаас “Өмгөөллийн тухай хууль хэрэгтэй юу?” гэж санал асуулга хэлбэрээр асуух хэрэгтэй. 

-Өмгөөлөгчдийн хариуцлагын асуудал их яригддаг. Тухайлбал, шүүх хуралдаа суудаггүй, өмгөөллийн хөлс аваад алга болдог гэх мэт асуудлууд их гардаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Уулын мол урттай богинотой. Хуульчид дотор асуудал гаргасан хүмүүс мэр сэр байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ мэргэжлийн хариуцлагын хороо гэж бүтэц байна, Хуульчийн ёс зүйн дүрэм гэж зүйл байна. Энэ дүрэм журмынхаа хүрээнд хариуцлага тооцох боломж байдаг, тооцдог. Өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд хэн гомдох вэ гэхээр үйлчлүүлэгч гомдоно. Гаргах ч эрхтэй. Энэ нэг их тийм хурцадсан асуудал гэж би боддоггүй. Харин ч хуульчид чинь тангараг өргөдөг, олон шатлалттай шалгалт өгч байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг тул нэг их хүн хохироогоод яваад байдаг нь цөөн байдаг.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2019 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 99651758