Өнөөдөр: 4 сарын 20.     17:26:51
  Улаанбаатар   -14ºC

СОНГУУЛИЙН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЛД СУРТАЛЧИЛГАА ЗОНХИЛЖЭЭ

УИХ болон НИТХ-ын 2016 оны сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгээс танилцууллаа. Энэхүү мониторингийг 2016 оны УИХ болон НИТХ-ын сурталчилгаа эхлэхээс 14 хоног, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш 18 хоногт хийсэн байна.

Судалгаанд зургаан сонин, таван цахим сайт, нэр дэвшигч болон сэтгүүлчдийн 24 фэйсбүүк аккаунт, 23 твиттер аккаунтыг хамруулж сонгуулийн сурталчилгааны давтамж, цар хүрээ, сэтгүүлзүйн бүтээлийн мэргэжлийн чанар, тэнцвэрт байдлыг тандан судалсан байна. 

Судалгааг Хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа танилцууллаа:

Судалгаанд оролцсон зургаанд сонинд:

-Зууны мэдээ

-Өглөөний сонин

-Өдрийн сонин

-Өнөөдөр

-Монголын мэдээ сонингууд хамрагдсан бол таван цахим сайтад:

-www.medee.mn

-www.gogo.mn

-www.news.mn

-www.ikon.mn

-www.24tsag.mn сайтууд багтсан байна.

Мониторингийн хүрээнд сонгуулийн сурталчилгааны өмнө болон сурталчилгааны үеэр олон нийтэд хүрсэн сонины 528 нэгж мэдээлэл, цахим сайтын 1998 нэгж мэдээлэлд анализ хийсэн бол нийгмийн мэдээллийн сүлжээний 926 жиргээ, 253 постыг цуглуулж анализ хийсэн байна.

-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЭРС НЭМЭГДЭВ-

Сурталчилгааны бус үетэй харьцуулбал сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээр сонгуультай холбоотой мэдээлэл сонин болон нийгмийн мэдээллийн сүлжээнд хоёр дахин, цахим сайтад тав дахин өссөн байна.

-СОНГУУЛИЙН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЛД СУРТАЛЧИЛГАА ЗОНХИЛЖЭЭ

Хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгсэл Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх, биелүүлэх оролдлогыг хийсэн нь мониторингийн дүнгээс ажиглагдаж байв. Тухайлбал, сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө сонгуулийн тухай редакцийн бүтээл зонхилж байсан бол хуулийн дагуу албан ёсны сурталчилгаа эхэлснээр төлбөртэй сурталчилгааны тоо эрс нэмэгдсэн байна.

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээр бэлтгэсэн боловч редакцийн бүтээлээс ялгасан тэмдэглэгдээгүй, олон нийтийн анхаарлыг татахын тулд тодорхой улс төрчдийг илт дэмжсэн сонгуульд өрсөлдөгч нэр дэвшигч эсвэл намын нэр хүнэд шууд халдсан “далд сурталчилгаа”-ны бүтээл улс төрийн сурталчилгааны 60-80 хувийг эзэлжээ.

Сонгуулийн үеэр хэвлэмэл сонинууд олон нийтэд мэдээллэх, танин мэдүүлэх үүргээ биелүүлэхэд түлхүү анхаарсан бол цахим мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн мэдээллийн сүлжээ “сурталчилгааны индэр” байх үүргээ илүүтэй гүйцэтгэжээ.

-МЭДЭЭЛЛИЙН ХАНДЛАГА, ӨНГӨ АЯСЫГ “ТӨЛБӨРТ” МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙЛЖ БАЙВ-

Цахим сайт болон хэвлэмэл сонины сонгуультай холбоотой мэдээллийн өнгө аяс нь тухайн мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харъяалал, редакцийн бодлоготой хамааралгүйгээр, гагцхүү төлбөр төлсөн этгээдийн захиалгаар тухайн мэдээллийн эерэг, сөрөг хандлага тодорхойлогдож байв. 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуулийн талаарх сөрөг мэдээлэл тогтмол хэвлэл болон цахим мэдээллийн хэрэгсэлд харьцангуй бага байсныг онцлон тэмдэглүүштэй. Харин нийгмийн мэдээллийн сүлжээний фэйсбүүк хуудсаар харьцангуй төвийг сахисан болон эерэг мэдээлэл цацагдсан бол твиттер хуудсанд  сөрөг өнгө аястай, бүдүүлэг үг хэллэг ашигласан, өрсөлдөгч намуудыг гүтгэж доромжилсон мессеж түгээмэл байсныг онцоллоо.

-ЭРХ БАРИГЧ НАМЫН ТАЛААРХ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ ДАВАМГАЙЛАВ

Сонгуулийн талаарх мэдээллийн хандлагыг ажиглавал үндэсний хэмжээнд МАН-н тухай эерэг, АН-ын тухай сөрөг мэдээлэл давамгайлсан бол нийслэлийн АН-ын тухай эерэг мэдээлэл илт давамгай байхад нийслэлийн МАН-ын тухай сөрөг мэдээлэл түлхүү гарч байсан юм. Харин сурталчилгааны сүүлийн өдрүүдэд АН-ын ялангуяа нийслэлийн АН-ын талаарх эерэг өнгө аястай далд сурталчилгаа хэвлэлийн хуудаснаа зонхилж байв.

-ЦАХИМ САЙТУУД СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД ИЛҮҮТЭЙ АНХААРЧЭЭ

Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээр мэдээллийн хэрэгсэл сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэлд анхаарч эхэлсэн бөгөөд тогтмол хэвлэлээс илүүтэй цахим мэдээллийн хэрэгсэл сонгогчдыг боловсруулах талд онцгой ач холбогдол өгчээ. Түүнчлэн нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан бие даан нэр дэвшигчид сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг түгээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байв. Ийм төрлийн мэдээлэлд сонгуулийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан, намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулсан, намуудын амлалтын талаар задлан шинжилсэн, сонгогчид саналаа хэрхэн өгөх тухай зааварчилгаа зэрэг багтаж байна.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030