Өнөөдөр: 11 сарын 29.     09:04:24
  Улаанбаатар   16ºC

Ипотекийн зээлийг сунгах төлөвтэй байна

“Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэнэ” гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ) 8 дугаар сарын 7-нд ээлжит бусаар хуралдаж шийдвэрлэжээ. Энэ шийдвэр нь 4 дүгээр сарын 13-ны өдрийн МБХ-ны шийдвэрийн үргэлжлэл хэмээн Төв банк тайлбарласан байна. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах анхны шийдвэрийг гаргаснаас хойшхи 4 сарын хугацаанд нийт 76 мянга орчим зээлдэгч 663 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулжээ. Энэхүү өөрчлөлт нь “өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө, зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болсон” гэж Монголбанкны МБХ дүгнэжээ.  

 

Цар тахал дэлхий нийтээр тархаж улс орнууд хөл хорио тогтоосон, түүн дотор Монгол улс “өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж, иргэн, аж ахуйн нэгж хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж, орлого буурч  байхад, МБХ –ны энэ шийдвэрийг арилжааны банкнууд хэрэгжүүлэх нь иргэдэд төдийгүй бангкны системийг тогтвортой байлгах эерэг нөлөөтэй юм байна. Иймээс өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг 6 сараар сунгасан иргэд 12 сар хүртэл дахин сунгах эрхтэй боллоо. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаагүй иргэд нэг жилээр сунгах боломж нээгдлээ.  Ирэгдийн санхүүгийн дарамтыг хөнгөлж, банкны салбарыг системийнх нь хувьд тогтворжуулаад байгаа хэрэглээний зээл гэж юу вэ?

 

Энэ асуултад Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд өнгөсөн хугацаанд “өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг” хэмээн  маш тодорхой хариулт өгсөн байх юм. Эдгээрээс гадна ипотек (орон сууц)-ийн зээл хэрэглээний зээлд ордог юм билээ. Гэхдээ энэ удаагийн хэрэглээний зээлийн сунгалтад Монголбанк уг зээлийг хамруулаагүй.

 

Ипотекийн зээлийг 6 сар сунгах шийдвэр хэл ам болж байж 4 дүгээр сард гарсан юм. Ингэхдээ ийм зээлтэй иргэн харилцагч банкиндаа 5 дугаар сарын 1-ний дотор зээл сунгах хүсэлт гаргана. Гаргасан хүсэлтийн дагуу арилжааны банкууд тухайн иргэний ипотекийн зээлийг сунгах дараалал тогтоосон байсан. Гэвч зарим нэг арилжааны банк энэ зарчмын дагуу уг төрлийн зээлийг сунгах ажлыг зохион байгуулаагүй бололтой. Түүгээр зогсохгүй арилжааны зарим банк ипотекийн зээлийг сунгахгүй үлдээж, төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг завхаруулсан гэж үзэх боломжтой. Үүнийг Монголбанкны, МБХ-ны 8 дугаар сарын 7-ны ээлжит бус хуралдаанаас гаргасан мэдэгдлээс харж болно.

 

Төрөөс олгосон энэ боломжийг ашиглахаар иргэн О хамтран зээлдэгчтэйгээ цуг харилцагч Хаан банкны нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол дахь салбарт 2020 оны 4 дүгээр сарын 15-нд (хуулийн хугацаанд) ипотекийн зээлээ 6 сар сунгуулах хүсэлт гаргажээ. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 27 –нд, түүн рүү банк утас цохиж зээлээ төлөхийг шаардсан байна. Түүний мөрөөр явахад иргэний хүсэлтийг Хаан банк “зээлдэгч утсаа аваагүй (хамтран зээлдэгч рүү огт залгаагүй)” гэдэг нөхцөлөөр сунгалгүй орхижээ. Яг энэ нөхцөлд Хаан банк төрөөс иргэнд олгосон боломжийг “хулгайлсан” юм биш үү. Гэхдээ энэ нь ганц иргэнд тохиолдсон зүйл биш бололтой. Хэрэглээний зээлийг дахин сунгах шийдвэр гарсны дараа ипотекийн зээлийн сунгалтын талаар иргэд хоорондоо болон хэвлэл мэдээллээр ярьж эхэллээ.

 

Ипотекийн зээлийн сунгалт иргэдэд дарамт болоогүйдээ бус харин арилжааны банкуудын “санаатай” үйлдлийн буруугаас болж, олон зээлдэгч зээлийн дарамтаа бууруулах, төрөөс олгосон нэг удаагийн боломж (тусламж)-ийг ашиглаж чадаагүй алдсан байх магадлал маш өндөр байна. Ийм учраас Монголбанк, МБХ хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах энэ шийдвэрт ипотекийн зээлийн сунгалтыг нэмэн оруулах “ёстой” гэж иргэд шаардаж эхлэв гэлтэй. Тэдний хүсэлтээр (“өндөржүүлсэн бэлэн байдал” цуцлагдаагүй байна) ипотекийн зээлийг (хэрэглээний) дахин сунгах уу? Энэ асуулт хариулт нэхэж байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402