Өнөөдөр: 9 сарын 22.     11:13:45
  Улаанбаатар   16ºC

Наадмаас өмнө ИХ дэлгүүрийг нээхээр төлөвлөж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  Улсын их дэлгүүрт гал гарсантай холбоотойгоор тус дэлгүүрт байсан 13 тонн буюу 162 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг  зургадугаар сарын 10-нд устгасан байна. Харин бусад бараа, бүтээгдэхүүнийг түрээслэгчдэд буцаан олгосон байна.

Өчигдөр буюу  /2020.06.11/ өдөр Дэлгүүрийн чанх ард ачааны олон машин эгнэн зогссон байлаа. Галд өртөөгүй хайрцагтай зүйлсийг ачааны машинд ачиж байсан юм. арин энэ талаар тус дэлгүүрийн менежерээс тодруулахад “Тооллого бүрэн дуусч байгаа хэдий ч хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. Бид асуудлыг аль болох түргэн шийдэхээр бүх нөөц боломжийг ашиглан, хичээнгүй ажиллаж байна. Мэдээлэл эцсийн байдлаар гарсны дараа хэвлэлийнхэнд нэгдсэн журмаар мэдээлэл хүргэх болно” гэсэн юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаагаас галд өртөөгүй, хүнснийхээс бусад бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан юм.

-Танайхаас УИД-т гарсан галтай холбоотойгоор хүнсний 13 тонн бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Бусад бүтээгдэхүүн нь аюулгүй гэсэн үг үү?

-Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Гал гарснаас шалтгаалж, чанарын шаардлага хангахгүй болсон 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. Тухайлбал, шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485 мянга 737 ширхэг, 11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын ахлах байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй таван дүгнэлт үйлдэгдээд байна. Улсын байцаагчийн актыг үндэслэн зургадугаар сарын 10-нд хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, барааг  нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Цагдаагийн байгууллага, “Номин Тав трейд” ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

-Түрээслэгчид бараа бүтээгдэхүүнийг буцаан олгосноор өөр салбаруудаар эсвэл өөр дэлгүүрт тухайн бүтээгдэхүүнийг худалдаалах магадлалтай. Тухайн бүтээгдэхүүн нь иргэдэд аюулгүй юу?

-Тоггүй болоод удсан учраас хөргүүрт хадгалах ёстой, хадгалалтын горим зөрчигдсөн сүү, сүүн бүтээгдэхүүн, ил худалдаалагдаж байсан утаа тортог болж, үнэр шингэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, торт гэх мэт түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, үнэр, угаар нэвчиж болох хүнсний ууттай түүхий эд бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. Бусад хүнсний бүтээгдэхүүнийг “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн дагуу “Номин тав трейд” компани өөрийн дотоод хяналтаараа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж аюулгүй байдлыг хариуцна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр долдугаар давхарын хоолны газарт ажиллаж байна. Хяналт шалгалт дуусах болоогүй байна. Мэргэжлийн хяналтын зүгээс аюултай гэж үзсэн бүтээгдэхүүнийг устгасан. УИД-ын зүгээс устгалд оруулаагүй, галд өртөөгүй бүтээгдэхүүнүүдийг түрээслэгчдэд буцаан олгох гэж байгаа юм билээ.Түймрийн дараах эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр ажилчид нь зав чөлөөгүй ажиллаж байна. Учир нь, баяр наадмаас өмнө Их дэлгүүрийн нэг, хоёрдугаар давхрыг нээхээр төлөвлөж байгаа гэнэ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402